Шинээр газар өмчлүүлэх ажил хойшлогдлоо
Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон.
Мэдээллийн алба

Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон. Газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдлөө Нийслэлийн өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандаж өгөх бөгөөд иргэдийн хүсэлтийг хүлээн авсны дараа сугалаагаар газрыг өмчлүүлэх байсан.
Гэвч газар өмчлөлийн ажлыг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлэх байсныг тодорхой шалтгаанаар хойшлуулжээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээлснээр нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр олгогдох 52 байршилд хийгдэх ёстой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг хараахан хийгдэж дуусаагүй тул нэг сарын хугацаатайгаар түр хойшлуулсан байна.
Иргэдээс хүсэлт хүлээн авах цахим программыг Нийслэлийн мэдээлэл технологийн газраас бэлэн болгон хүлээлгэн өгсөн. Харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтэст ирснээр иргэдийн саналыг авч эхлэх боломжтой болох ажээ.


















