Ширээний теннисний робот-багш Гиннесийн номонд бичигджээ
"Форпхиюс" нэртэй ширээний теннисний робот нь компьютерийн өндөр хурдны технологиор бүтсэн спортын салбарт орж ирж байгаа шинэ бүтээл юм байна.
Мэдээллийн алба

"Форпхиюс" нэртэй ширээний теннисний робот нь компьютерийн өндөр хурдны технологиор бүтсэн спортын салбарт орж ирж байгаа шинэ бүтээл юм байна. Нэг секундэд 80 кадрыг дарах чадалтай камерийн тусламжтайгаар 90 градус эргэх боломжтой "Форпхиюс" робот нь ширээний теннисээр хичээллэх сонирхолтой хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ чадамжаа ашиглан бөмбөгний эргэлтийн чиглэлийг тогтоохоос гадна чухам хаана цохиураа байрлуулахаа мөн мэдэрдэг байна. Түүнчлэн хүн тоглох үедээ өөрийн хүссэн хурдны түвшинд тааруулан ширээний теннисээр хичээллэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Дэлхийн хамгийн анхны андройд үйлдлийн системтэй робот нь гадна төрхөөрөө тоглоомын автоматтай төстэй боловч, хоёр хөлтэй, теннисний цохиур барихад зориулагдсан гартай, хоёр метрийн өндөртэй юм байна.
Робот-багшийг зохион бүтээсэн Японы “Омрон” компанийн зүгээс энэхүү робот нь дан ганц теннисний ширээний багш гэсэн үзүүлэлтийг агуулаагүй гэв. Түүний хиймэл оюун ухаан бүхий технологийн цоо шинэ дэвшлийн эхлэл тавигдаж байгааг онцоллоо. "Форпхиюс" роботод суурилуулсан камер хүний биеийн хөдөлгөөнийг тооцоолон бөмбөгний чиглэлийг харгалзан хариу үйлдлийг асар хурдан хугацаанд үзүүлж байгааг нь харвал бараг төгс үйлдэлт робот гэж хэлж болох юм.
Тиймээс туршилтын тоглолтын үр дүнд энэхүү роботыг хүнд хэрхэн ширээний теннис тоглохыг зааж байгаа шилдэг үзүүлэлтийг нь харгалзан үзэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон гэж үзэж, Гиннесийн номонд бүртгэжээ.



















