Ширэн бээлийтнүүд залуучуудын ДАШТ-ээс хос хүрэл медаль авлаа
Монголын ширэн бээлийтнүүд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртэн дэлхийн 52 орноос багаараа VI байрт шалгарлаа
Мэдээллийн алба

Польш улсын Кельце хотноо энэ сарын 10-24-нд зохион байгуулагдаж буй боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэй 4, эмэгтэй 4 нийт найман боксер рингэнд гарсан.

Ийн эмэгтэйчүүдийн 51 кг-н жинд А.Хулан эхний даваандаа гоц мөргөж, дараа нь Украин, Казахстаны боксчдыг дараалан ялж хүрэл медалийн болзол ханган мөнгөн медалийн төлөөх тулаандаа ОХУ-ын Валерия Линьковад оноогоор ялагдлаа.
Харин эрэгтэйчүүдийн 52 кг-н жинд Э.Сүхбат Герман, Энэтхэг, Испани боксчдыг дараалан ялж, хүрэл медалийн болзол ханган мөнгөн медалийн төлөөх тулаандаа ОХУ-ын тамирчин Евгений Жоровт харамсалтайгаар оноогоор ялагдав.
Ийн Монголын ширэн бээлийтнүүд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртэн дэлхийн 52 орноос багаараа VI байрт шалгарлаа.


















