“Шивээ-Овоо” уурхайн авлагын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Шинэчлэлийн Засгийн газар ил тод нээлттэй ажиллаж байгаа. 2014 онд “Монголдоо бүтээцгээе” зорилт тавьсан, импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Хувийн хэвшлийнхэн энэ зорилтыг дэмжиж, зүтгэж ажиллаж байна гэж уулзалтын эхэнд хэллээ.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Тус уурхайн удирдлага ажлаа аваад жил гаруй болж буй бөгөөд энэ хугацаанд ажилчдын цалингаас бусад зардлыг таван тэрбум төгрөгөөр бууруулж ажилласан, одоо таван тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар ажиллаж байна гэж танилцуулсан бөгөөд нүүрсний үнэ нэмэхийг урьтал болголгүй, үйлдвэрийн зардлаа бууруулж ажилласныг Ерөнхий сайд сайшаалаа.
“Шивээ-Овоо” нүүрс борлуулалтын 90 гаруй хувиа “Дулааны IV цахилгаан станц”-д борлуулдаг бөгөөд нүүрсний төлбөр дутуу төлөгдсөнөөс хуримтлагдсан 2.7 тэрбум, Дорноговь, Төв, Налайхын дулааны станц зэрэг байгууллагуудаас нийт таван тэрбум төгрөгийн авлагатай ажээ. Үүнд анхаарч өгөхийг уурхайн удирдлага хүслээ. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Ерөнхий сайд Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа.
Шинэчлэлийн Засгийн газар ил тод нээлттэй ажиллаж байгаа. 2014 онд “Монголдоо бүтээцгээе” зорилт тавьсан, импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Хувийн хэвшлийнхэн энэ зорилтыг дэмжиж, зүтгэж ажиллаж байна гэж уулзалтын эхэнд хэллээ.
Засгийн газраас Сумын хөгжлийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг иргэдэд олгож буй. Ажилтай, орлоготой болгох хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлээгүй хүмүүст мэргэжил олгох, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “Оюутнуудын цагийн ажил” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдээ ажилтай, бүтээлч болгох, импортоор авах бүтээгдэхүүний тоог цөөрүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байна.
Аймагт бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ, аймгийн төвд орон сууц худалдаж авсан иргэдэд улаанбаатарчуудтай ижил боломж олгож, найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна. Энэ хүүг орон нутагт долоо болгож бууруулах судалгааг хийж байна. Хувийн орон сууцны барилгыг найман хувийн зээлд хамруулахаар төлөвлөж байна. Аймгийн төвүүдэд Оношлогооны төв байгууллаа. Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг ид хийж байна. Энэчлэн Шинэчлэлийн Засгийн газар аймаг бүрийг хот болгох, Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө зорьж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэх, аймгийн нэгдсэн эмнэлэгтэй болох, ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн барилгыг шинээр барихад Засгийн газраас дэмжлэг өгнө үү” гэсэн хүсэлтийг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад тавилаа.


















