Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ

Энэ сарын 1-ний байдлаар дэлхий даяар 293 сэтгүүлч торны цаана хоригдож байгаа талаар Сэтгүүлчдийг хамгаалах хороо пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь 1992 онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ
Шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 1-ний байдлаар дэлхий даяар 293 сэтгүүлч торны цаана хоригдож байгаа талаар Сэтгүүлчдийг хамгаалах хороо пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь 1992 онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Ажлаа хийж яваад шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо 300 орчим байгаа нь дээд амжилт тогтоож байна гэж олон улсын ашгийн бус байгууллага болох Нью-Йоркод төвтэй сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороо мэдэгдлээ. Тодруулбал, "Хятад улс гурван жил дараалан дэлхийн сэтгүүлчдийн эрхийг зөрчигч улс хэвээр байна" гэж Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороо мэдэгдээд тус улсад 50 сэтгүүлчийг цагдан хорьсон тухай дурдлаа. Түүний араас Мьянмарт 26, Египетэд 25, Вьетнамд 23, Беларусьт 19 сэтгүүлчийг ажлаа хийж явсных нь төлөө торны цаана суулгажээ.

Уг тайланд Бээжинг шүүмжилдэг Хонконгийн одоо татан буугдсан “Аппэл Дэйли” сониныг үүсгэн байгуулагч Жимми Лайг дурдсан байна. Түүнийг Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгасан юм.

Мөн энэ он гарсаар дор хаяж 24 сэтгүүлч хийсэн сурвалжилгынхаа улмаас амиа алдсан гэж Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороо мэдэгдлээ.

Норвегийн Нобелийн хороо энэ жилийн Нобелийн энх тайвны шагналын эзнээр ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратов, Мария Ресса нарыг сонгосон. Тэд Засгийн газруудаа хатуу чанга шүүмжилдэг нийтлэлээрээ алдартай.

Нобелийн хороо "Ардчилал, мөнхийн энх тайвны угтвар нөхцөл болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тэдний хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрч байна" гэдгээ мэдэгдсэн билээ.

Сонирхуулахад, Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол өнөөдөр Норвегийн нийслэл Осло хотноо болно.

Хуваалцах