Шри-Ланка улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчиллаа
Өчигдөр БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Шри-Ланка улсын ерөнхий сайд Ранил Викрамасингхе-г Бээжинд хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Өчигдөр БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Шри-Ланка улсын ерөнхий сайд Ранил Викрамасингхе-г Бээжинд хүлээн авч уулзлаа. Энэ уулзалтын үеэр Ли Кэцян Шри-Ланкатай харилцаагаа бэхжүүлж, стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа шинэ түвшинд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний дараа хоёр орны ерөнхий сайд эдийн засаг, технологи, хууль зүй, зам тээврийн салбарын хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд байлцсан байна. Шри-Ланкад Коломбо боомт хот байгуулах Хятадын хөрөнгө оруулалттай төслийг түр зогсоосны дараа Хятадын компанийн нэхэмжилж байгаа 125 сая долларын нөхөн төлбөрийн асуудал олон улсын анхаарлын төвд байгаа. Хоёр тал уулзалтынхаа үеэр энэ асуудлаар мөн санал солилцсон байна.
Нэг жил орчим завсардсаны дараа өнгөрсөн сараас дахин үргэлжилж байгаа 1.4 тэрбум долларын энэ төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн гэж Хятадын гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан хэлтсийн дарга мэдээллээ. Шри-Ланка улсын Засгийн газар нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын компаниудын эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчинг бий болгохоо амлаад байгаа. Иймээс Хятадын гадаад хэргийн яамны дээгүүр тушаалын төлөөлөгч Шри-Ланкад хөрөнгө оруулах, мөн тус улсын аж үйлдвэрийн салбарын хүчин чадавхийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахыг Хятадын компаниудад уриалсан байна.


















