ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Б.Билэгт мэндчилгээ дэвшүүллээ
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн түүхэн ой давхацсан бэлгэшээлт энэ жил түүхт 95 жилийн ойгоо тэмдэглэж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн түүхэн ой давхацсан бэлгэшээлт энэ жил түүхт 95 жилийн ойгоо тэмдэглэж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүд, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд та бүхэндээ ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бид 2015 оныг “Байгууллагын эрсдлийн менежментийг төлөвшүүлж, санхүүгийн нээлттэй зохист хэрэглээ, хяналтын тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарлаж, алба хаагчдынхаа аюулгүй байдлыг ханган нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэн, шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийг нэмэгдүүлэх, хоригдогсдын дундаас гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тэдний эрхийг хангах, бүтээн байгуулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Хууль зүйн яамны харьяа агентлагуудаас тэргүүн байр эзэлсэн бахдам амжилт гаргасаныг дурдахад таатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн нэрийн өмнөөс гаргасан иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэм, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хууль ёсыг сахиулах болон улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын их үйлсэд оруулсан түүхэн хувь нэмрийг өндрөөр үнэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан явдал нь баяр дээр баяр нэмсэн түүхэн үйл явдал болж байна.
Та бүхэндээ 95 жилийн ойн цогтой халуун мэндийг дахин дэвшүүлж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хариуцлагатай бөгөөд нэр төртэй албандаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.БИЛЭГТ


















