Шөнийн цэнгээний газарт гал гарчээ
Румын улсын нийслэл Бухарест хотод шөнийн цэнгээний газар гал гарч, олон хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болжээ. Гал гарах үеэр тухайн цэнгээний газарт “хүнд металл” рок хамтлаг шинэ цомгийн баяраа
Мэдээллийн алба

Румын улсын нийслэл Бухарест хотод шөнийн цэнгээний газар гал гарч, олон хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болжээ. Гал гарах үеэр тухайн цэнгээний газарт “хүнд металл” рок хамтлаг шинэ цомгийн баяраа тохиолдуулан үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулж байсан байна.
Тоглолтын үеэр тэнд байсан 400 орчим хүнээс наад зах нь 27 нь амиа алдаж, 180 орчим нь түлэгдэж гэмтсэн тухай Румыний дотоод яам мэдээлж байна. Гэрчүүдийн ярьснаар тоглолтын үеэр тайзны оч цацруулагчаас хана тааз руу гал авалцаж, улмаар дэлбэрэлт болсон байна. Хэдэн арван хүн галд түлэгдсэнээс гадна айж цочирдсон хүмүүс гарц хаалга руу гүйлдсэнээр эмх замбараагүй байдал үүсэж, хүмүүс олны хөлд дарагдан гэмтэж бэртжээ.
Орон нутгийн цагаар өчигдөр 22 цаг орчимд гал гарч эхэлснээс хойш хоёр цаг гарны дараа цэнгээний газарт байсан хүмүүсийг бүрэн гаргаж дууссан байна. Түргэн тусламжийн 60 гаруй тэрэг ослын газарт ажилласнаас гадна, биеийн байдал нь хүнд байгаа хүмүүст шуурхай тусламж үзүүлэхийн тулд явуулын эмнэлгийн түргэн тусламжийн төвүүд байгуулсан талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.





















