Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүтээнийг эх нутагт нь зална

Аграмба Р.Санжайжавын шүтээн биеийг өчигдөр Гандантэгчинлэн хийдэд залж сүсэгтэн олонд мөргөл залбирал хийх боломжийг олгож байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Шүтээнийг эх нутагт нь зална
Шүтээнийг эх нутагт нь зална. Зураг: МҮОНРТ

Аграмба Р.Санжайжавын шүтээн биеийг өчигдөр Гандантэгчинлэн хийдэд залж сүсэгтэн олонд мөргөл залбирал хийх боломжийг олгож байгаа. Шүтээнийг хоёр өдрийн турш ийнхүү олон нийтэд ил байлгасны дараа буюу энэ сарын 24-ний өдөр төрөлх нутаг болох Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаа залах юм.

Өвгөн Гэсэр лам, түүний шавь цорж аграмба Санжайжав нарын тухай олон домог яриа байдаг. Тухайлбал, тэднийг занданшсан төлөв байдалд шилжсэнээс хойш шүтээний оршин буй нутагт сүүлийн 120 гаруй жилийн хугацаанд ган зуд, аянга зэрэг байгалийн онцгой гамшигт үзэгдэл тохиолдоогүй. Мөн энэ нутагт нэг бус удаа гал түймэр болоход занданшсан шарилын орчим газар түймэрт автдаггүй байсныг нутгийн иргэд хэлдэг.

Занданшуулах үйлийг эрт дээр үеэс хөндлөнгийн буюу бүрлээч болсных нь дараа онголдог. Нөгөө нь хувилгаан өөрөө оюун ухаанаа захирч, он удаан жил бясалгал хийсний үр дүнд биеэ занданшуулдаг байжээ. Үүнийг буддын ухаанд мөнх амьдрагсад ч гэж хэлдэг байна. Санжайжавын хувьд 120 гаруй жилийн өмнө жанч халсан. Аграмба Р.Санжайжавын шүтээн бие олонд ил болсноос хойш төр, шашны байгууллагууд хамтран ажиллаж, түүнийг сэргээх, шинжлэн судлах ажлыг хийжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн "Шүтээн биеийн нугас, тархи амьсгалж байна. Тиймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй" гэж үзсэн байна.

1894 оноос хойш саяхныг хүртэл Архангай аймгийн Цахир сумын иргэд дээрх багш, шавийн мөнхийн бясалгал хийж гэгээрсэн хоёр шүтээнийг нууцаар залж, шүтэж ирсэн түүхтэй аж. Харин өнгөрсөн нэгдүгээр сард нууцалж байсан шүтээн биеийн нэг нь алдагдаж, энэ үеэс олон нийт 200 орчим жилийн түүхтэй, шүтээн биесийн талаар мэдэх болсон юм.

Энэхүү занданшуулсан шарил ил болсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж авсан. Түүнчлэн энэхүү гэгээрсэн багш, шавийн шүтээн байрлах дуганыг шинэчлэхэд зориулж 464 сая төгрөгөөр чулуун дугана босгосон юм. Тус дугана барих нийт хөрөнгийн 164 саяыг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан бол үлдсэн 300 саяыг нутгийн иргэдийн хандиваар бүрдүүлжээ. Нэмж мэдээлэхэд, Аграмба Санжайжав нь 1826-1905 оны үед амьдарч байсан хүн бөгөөд энэхүү шүтээн биеийн увидас нь Итгэлт хамбынхтай адилхан гэдгийг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хэлсэн юм.

Хуваалцах