Шүүгч нарын цалин нэмэгдлээ
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа бүх шатны шүүхийн шүүгчдийн цалинг анх удаа тогтоолоо. Урьд нь шүүгчдийн цалинг УИХ-аас тогтоодог байсан юм.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа бүх шатны шүүхийн шүүгчдийн цалинг анх удаа тогтоолоо. Урьд нь шүүгчдийн цалинг УИХ-аас тогтоодог байсан юм. Энэ нь засаглал хуваах онолын хувьд зөрчилддөг байлаа. Үндсэн хуульд засаглалыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваасан байдаг боловч шүүгчдийн цалингийн асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал байжээ.
Харин энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж буй Шүүхийн тухай багц хуульд шүүгчдийн бие даасан хараат бус байдлыг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг ШЕЗ авах боломжийг хангаж өгчээ. Тиймээс тус зөвлөл түүхэндээ анх удаа шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоожээ. Өмнө нь төрийн тусгай албаны ажилтнуудын цалинтай дүйцэхүйц хэмжээгээр тогтоож байсан ба Улсын Дээд шүүхийн шүүгч 1.1 сая төгрөгийн үндсэн цалинтай байсан байна.
Энэ нь хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүсийн цалингаас хэд дахин бага гэсэн үг юм. Тэгвэл шинэчилсэн цалингийн жишгээр шүүн таслах ажлын, төрийн албанд олон жил ажилласны гэсэн тогтмол олгож байсан нэмэгдлийг одоо авахгүй. Харин шүүгч таван жил тутамд хоёр хувийн нэмэгдэл авах, шүүгчийн үйл ажиллагааны түвшинг 3-5 жил тутамд тогтоон дүгнэлт өгч, цалинг нэмэх эсэх нь тодорхой болно.
Үүний зэрэгцээ анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая, хяналтын шатны шүүхийн шүүгч 4.5 сая хүртэл байхаар тогтоож өгчээ. Ажил, мэргэжлийн түвшинг нь тогтоогоод, таван жил тутмынхаа хоёр хувийг нэмээд тооцохоор шүүгч сард дунджаар 5.0 сая гаруй төгрөгийн цалинг авахаар болж байгаа юм. Энэ шийдвэр 2014 оны нэгдүгээр сарын 2-ноос хэрэгжих юм байна.


















