Шүүгчдийн зөвлөлд оролцогч орны төлөөлөл багтлаа
шүүгчдийн зөвлөл цэгийн шүүгчдэд хяналт тавьж, тэдэнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах юм
Мэдээллийн алба

"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан маргааш эхлэх гэж байна. Алсын зайн болон богины зайн гэсэн хоёр төрлөөр явагдах энэхүү уралдааны ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ ажиллаж байна. Энэ сарын 1-ний өдөр ерөнхий шүүгчийн удирдсан хурлаар шүүгчдийн зөвлөлийг хэлэлцэж, улс орны төлөөлөл бүрээс багтаалаа.
Энэ нь уралдааныг маргаангүй, шударга, ил тод явуулахад чухал нөлөөтэй юм. Шүүгчийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, ахмад З.Бат-Оргил ажиллаж, шүүгчдийн зөвлөлд Монгол Улсын талаас хурандаа Ш.Гантулга, ОХУ-ын талаас дэд хурандаа С.В.Грехов, Казахстаны талаас хошууч Е.Ж.Жоламанов, Киргизийн талаас дэд хурандаа К.А.Айдербек нар сонгогдлоо.
Дээрх шүүгчдийн зөвлөл цэгийн шүүгчдэд хяналт тавьж, тэдэнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах юм.


















