Шүүх Э.Оюунболдын нэхэмжлэлийг буцаажээ
нэхэмжлэл гаргагч Э.Оюунболд шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзжээ
Мэдээллийн алба

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан. Харин Э.Оюунболд аварга өөрийгөө допинг хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн ч Б сорьцоо шинжлүүлээгүй. Учир нь тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх асуудлаар Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан юм.
Тэрбээр нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байна.
Тэгвэл нэхэмжлэл гаргагч Э.Оюунболд шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзжээ.


















