Сингапур улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
Сингапурын ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгууль энэ сарын 23-нд болохоор тов гарч, 4 хүн өрсөлдөхөөр сонгуулийн хороонд бичиг баримтаа илгээгээд байсан. Өнгөрсөн онд оруулсан Сингапурын үндсэн хуульд зааснаар тус улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд гол 2 шаардлага тавьдаг.
Мэдээллийн алба

Тодруулбал, нэгдүгээрт Малай үндэстэн байх, хоёрдугаарт төрийн алба хашиж байсан туршлагатай эсвэл 370 саяас дээш үндсэн хөрөнгөтэй ямар нэгэн компанийг толгойлдог байх заалтыг үндсэн хуульдаа оруулж өгсөн юм. Энэ удаад нэр дэвшсэн 4 нэр дэвшигчээс эдгээр гол шаардлагыг хангасан ганц л хүн байсан нь өмнөх засгийн газарт парламентын даргаар ажиллаж байсан Халима Якоб байжээ.
Ийнхүү, тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болсонгүй. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг албан ёсоор Сингапурын 8 дахь ерөнхийлөгчөөр сонгосныг өчигдөр албан ёсоор зарласан байна. Ийнхүү Халима Якоб нь Сингапурын сүүлийн 47 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Малай ерөнхийлөгч болж байгаа нь энэ юм. Тэрээр өнөөдөр ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ.
Сингапур улсын ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай сонгогддог. Өмнөх ерөнхийлөгч Тони Тан нь 2011 онд сонгуульд ялалт байгуулан гарч ирж байсан. Түүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сарын 31-нддуусч, албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Сингапурын үндсэн хуульд заасны дагуу тус улсын ерөнхийлөгчийн бүрэн эрх хязгаарлагдмал. Улсын гол бодлогыг ерөнхий сайд барьдаг байна.