Сингапурт болох АНУ, БНАСАУ-ын дээд уулзалтад төлөөлөгчөө илгээхээ Япон улс мэдэгдлээ
Японы эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтад засгийн газрынхаа тусгай элч төлөөлөгчийг илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Японы эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтад засгийн газрынхаа тусгай элч төлөөлөгчийг илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Японы засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр энэ уулзалтад Умард Солонгосын асуудал эрхэлсэн засгийн газрын тусгай элч төлөөлөгч, Гадаад хэргийн яамны Ази, далайн тэнгисийн асуудал эрхэлсэн газрын захирал Кэнджи Канасугаг илгээхээр төлөвлөж байгаа юм байна.
Канасуги Сингапурт ирэх сарын 11-13 ны өдрүүдэд айлчлах бөгөөд Америкийн талтай байнгын холбоо харилцаатай байх юм байна. Гэхдээ Сингапур руу Ерөнхий сайд ШинзоАбэ эсвэл гадаад хэргийн сайд ТароКоно ч хүрэлцэн очих асуудал бас яригдаж байгаа юм байна. Энэ нь Токио Америк Умард Солонгосын дээд уулзалтын үр дүнгийн талаарх мэдээллийг цаг алдалгүй, газар дээрээс нь авахыг хүсч байгаагийн баталгаа болж байна. Юуны түрүүнд Японы талд энэ дээд уулзалтаар Умард Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг хөндөж ярилцах эсэхийг ихээхэн сонирхож байна.
Гэхдээ Умард Солонгос Сингапурт товлоод байгаа энэ дээд уулзалтыг цуцалж магадгүй нөхцөл байдал сүүлийн үед үүсчхээд байгаа юм. Умард Солонгос АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэн Өмнөд Солонгостой өндөр түвшинд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байсныгаа цуцлаад байгаа юм.


















