Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд Герман баг хүчнээ илгээлээ
Өчигдөр Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа АНУ тэргүүтэй эвслийн хүчинд дэмжлэг үзүүлэх зорилгоор Герман улс тагнуулын хоёр онгоцоо илгээлээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа АНУ тэргүүтэй эвслийн хүчинд дэмжлэг үзүүлэх зорилгоор Герман улс тагнуулын хоёр онгоцоо илгээлээ. Торнадо загварын энэ хоёр онгоцны хамт Францын байлдааны онгоцыг агаарт түлшээр цэнэглэх үүрэгтэй “А310 Эм-Ар-Ти” нисэх онгоц, мөн 40 цэргийг Сиритэй ойролцоо орших Туркийн Инжирлик агаарын цэргийн баазад байршуулсан байна.
Герман улс цаашид үүн дээр нэмэн тагнуулын дөрвөн онгоц, 1160 цэргээ илгээхээр төлөвлөж байгаа. Гэхдээ эдгээр бие бүрэлдэхүүн нь байлдааны ажиллагаанд оролцохгүйг Германы тал давтан мэдэгдэж байна. Өнгөрсөн сард Парист болсон халдлагын дараа Германы канцлер Ангела Меркел Францын ерөнхийлөгч Франсуа Олландад Сири дэх цэргийн ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхээр амласан.
Энэ хүрээнд Францын нисэх онгоц тээгч Шарль де Голль хөлөг онгоцыг хамгаалах зорилгоор Германы байлдааны хөлөг онгоцыг Газар дундын тэнгист аль хэдийн илгээгээд байгаа юм. Харин Туркэд байршуулсан тагнуулын онгоцууд ирэх оны нэгдүгээр сараас Сирийн нутаг дэвсгэрийг тандан турших нислэг үйлдэж эхлэх юм байна.


















