Сирийн дайны улмаас хүүхдүүд сурч чадахгүй байна
Сирийн иргэний дайны улмаас сургуулийн насны нийт хүүхдүүдийн 40 хувь нь сургууль завсардсан, боловсрол эзэмших үндсэн эрх нь зөрчигдсөн гэж НҮБ-ын “Хүүхдийн сан”-аас мэдээлж байна.
Мэдээллийн алба

Сирийн иргэний дайны улмаас сургуулийн насны нийт хүүхдүүдийн 40 хувь нь сургууль завсардсан, боловсрол эзэмших үндсэн эрх нь зөрчигдсөн гэж НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас мэдээлж байна. Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа дайны улмаас дөрвөн мянга гаруй бага сургууль, ахлах сургуулийн байшин барилга сүйдэж, 6-15 насны хоёр сая гаруй хүүхэд суралцах сургууль анги танхимгүй болжээ. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхээ даган эх орноосоо дүрвэн гарсан, эсвэл эх нутагтаа аюулгүй газар нүүн шилжсэн байх магадлалтай байгаа юм. Хүүхдүүдэд боловсрол олгох ажлыг дахин сэргээх нь туйлын анхаарал татсан амаргүй даалгавар болж байна гэж НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас онцоллоо. Одоогийн байдлаар Иорданы Заатари дүрвэгчдийн хотхонд 130 мянга гаруй Сиричүүд амьдарч байна. Тэдгээрийн 30 мянга нь сургуулийн насны хүүхдүүд ажээ. Хүүхдүүдэд зориулсан сургуулийг байгуулсан боловч эдгээр хүүхдүүдийн 40 хувь нь л хамрагдах боломжтой гэж холбогдох байгууллагаас мэдээлж байна.


















