Сонгогчдын хууль уу, сонгогдогчдын хууль уу
Цэцийн хуралдааны шийдвэрийг чих тавин хүлээж буй монголын ард түмэнд сонгуулийн хууль “Сонгогчдынх уу, сонгогдогчдынх уу” гэдэг асуултын хариултыг ҮХЦ үндсэндээ өгөх учиртай.
Мэдээллийн алба

Үндсэн хуулийн цэц яг одоо хуралдаж байна. Цэцийн хуралдааны шийдвэрийг чих тавин хүлээж буй хүмүүст сонгуулийн хууль “Сонгогчдынх уу, сонгогдогчдынх уу” гэдэг асуултын хариултыг ҮХЦ өгөх учиртай.
Иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.
Энэ гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцанаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлсэн юм. Энэ асуудлаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нарыг томилсон ч хуралдаанд Д.Лүндээжанцан гишүүн ганцаараа оролцож байна. Эх сурвалжийн мэдээлснээр 13.00 цагийн үед хуралдаан дуусч, Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдэх юм байна.


















