Сонгогчид, хурган дарга нарыг тансаглуулах гэж сонгоогүй л юмсан
Нэг хэсэг хуурамч дипломны эзнээр тодорч, түүнээсээ болж Нийслэлийн Авто Замын Газрын даргын суудлаасаа мултарч байсан МАН-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хаа очсон газраа асуудалд ороод байх бололтой.
Мэдээллийн алба

Нэг хэсэг хуурамч дипломны эзнээр тодорч, түүнээсээ болж Нийслэлийн Авто Замын Газрын даргын суудлаасаа мултарч байсан МАН-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хаа очсон газраа асуудалд ороод байх бололтой.
Тэрээр, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар томилогдсон даруйдаа өнөөх л “тансаг” зангаараа төсвийн мөнгөөр тансаглаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл өөрийн ажлын өрөөгөө хүлээж аваад удаагүй байхдаа 70 сая төгрөгөөр өрөөндөө их засвар оруулжээ. Өөрөөр хэлбэл 49 сая төгрөгөөр засвар тохижолтоо хийлгэж, үлдсэн мөнгөөр тансаг зэрэглэлийн тавилга сэлт авсан байна.
Нэг өрх айлын гайгүй шиг 2 өрөө шинэ байр худалдаж авах хэмжээний хөрөнгөөр нэг дүүргийн хурган дарга ийнхүү тансагласан нь зарим хүмүүсийн дургүйг хүргээд байгаа аж.
Чингэлтэй дүүргийн 19 хорооны засаг дарга нарын ажлын хэрэгцээнд ширээ сандал, компьютер юу юунаас чухал хэрэгцээтэй байхад Д.Бат-Эрдэнэ зөвхөн өөрийнхөө өрөөний тансаглалд ихэд анхаарсан нь нам нэг нөхөд болон ИТХ-ын төлөөлөгчдийнхөө зүгээс шүүмжлэлтэй тулгарах болжээ.
Гэтэл Д.Бат-Эрдэнэ шүүмжлэлийг хүлээж авах нь битгий хэл харин ч өөдөөс нь сөрж, өөрийгөө өмгөөлөн зөвтгөж байгаа аж. “Та нар чаддаг юм бол хөлөө хүрэх газар хүртлээ заргалдаарай, би дарга байхаасаа л тансаглаж ирсэн,би хууль зөрчөөгүй” хэмээн том дуу гаргадаг гэнэ.
Түүнийг наад зах нь төсвийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах болон тендерийн хуулийг зөрчсөн хэмээн зарим албаны хүмүүс үзэж байгаа юм. Энэ асуудлаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны газарт асуулга хүргэсэн ч, ямар ч ойлгомжгүй хариулт авжээ.

Учир нь төсвийн мөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авах захиалга, гэрээг долоодугаар сарын 20-оос хойш хийхээр албан бичгээр товлосон байхад Д.Бат-Эрдэнэ даргын өрөөг аль хэдийн хугацаанаас нь өмнө нэг хоёр сарын өмнө хийжээ. Хамгийн сонирхолтой нь засвар үйлчилгээ тохижолт, худалдан авалт дууссаны дараа тендерээ зарлан компаниудаа сонгон шалгаруулсан нь тун хачирхалтай.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргын өрөөны засвар үйлчилгээнд “Дүмбэрэлхайрхан” ХХК ямар ч өрсөлдөгчгүйгээр, мөн өрөөний тавилга тохижолтонд “Гоулдрич” ХХК тус тус шалгарсан аж. Эдгээр компаниуд нь үйлчилгээ үзүүлснийхээ дараа сонгон шалгаруулалтанд шалгарсан нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн хэмээн ИТХ-ын төлөөлөгчид үзэж байгаагаа ч нуусангүй.

Түүнчлэн өмнөх ИТХ-ын даргын ажлын хэрэгцээнд ашиглаж байсан албаны машин байсаар байтал “би хуучин машин унахгүй, шинэ машин унана” хэмээн зөрүүдлэн 59 сая төгрөгөөр шинэ машин авчээ. Өмнөх даргынхаа машиныг дүүргийнхээ ИТХ-ын ажлын албаны дарга н.Алтанцацралтад шилжүүлж өгсөн ажээ.
Юутай ч аливаа орон нутгийн ард иргэд аймаг, сум, дүүргийн төлөөллийг тансаглаарай л гэж сонгодоггүй. Харин ард иргэд болоод орон нутгийнхаа хөгжлийн төлөө сайн ажиллаарай гэж сонгодог баймаар юм.




















