Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээллийн тойм

Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 10-ны гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдрийн хэвлэлийн тоймыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Сонины онцлох мэдээллийн тойм
Сонины онцлох мэдээллийн тойм. Зураг: МҮОНРТ

Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 10-ны гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдрийн хэвлэлийн тоймыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Аргын тооллын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны Баасан гарагийн өнөөдрийн “Үндэсний Шуудан” сонин “3 сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү-2” цуврал нийтлэлийн үргэлжлэлээрээ сэтгүүлч С.Гандөлийн баримт хөндсөн “Төрөх эмнэлэг VS хорих анги” нийтлэлийг онцолжээ. Мөн сэтгүүлч Ч.Сансарын “Ерөнхий сайдын амлалт” сурвалжлага, Эдийн засагч Б.Лхагважавтай тус сонины сэтгүүлч Э.Мөнхцэцэгийн ярилцсан “Хуулийн цоорхойг ашиглаад Самурай бондыг авчихлаа” ярилцлага, УИХ-ын гишүүн Б.Ганбатын “Эдийн засгаа бодвол энэ хуулийг батлах ёстой” парламентийн сэтгүүлч Ч.Гангэрэлийн ярилцлага, сэтгүүлч Г.Улсболдын “Максын барилгын ослын хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр тооцлоо”, “Автобус-1”-ийн ажилчид таван шаардлага тавьжээ зэрэг сурважлага тус тус нийтлэгджээ. Түүнчлэн тус сонин нь энэ удаагийн дугаартаа уншигчдын эрүүл мэндийн боловсролд зориулдаг “Эрүүл мэндийн Шуудан” сонины хавсралт дугаараа эрхлэн гаргасан байна.

“Зууны мэдээ” сонин “АНУ-ын конгресс Хятадын ZTE компанийг тагнуулын байгууллага гэж үзжээ” дуулиант мэдээллийг өнөөдрийн дугаартаа онцлон хөнджээ. Мөн УИХ-ын гишүүд “Хурууны хээгээр хуралдаа суухаар болов”, “Америкууд Сочигоос тамирчдаа гаргах төлөвлөгөө боловсруулжээ”, “Нарантуулын гадна 20 саяар зогсоол барина”, Дэлхийн хогийн сав-Монгол буюу “Цахим төхөөрөмжийн оршуулгын газар” зэрэг сонирхолтой гадаад, дотоод сурважлага, нийтлэл хэвлэгдсэн байна. Түүнчлэн амралт чөлөөт цагт зориулсан “Өөр мэдээ” сонины хавсралт дугаар мөн хэвлэгджээ.

“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа “Дотоодын үйлдвэрлэлийг нэг их наяд төгрөгөөр дэмжихээ илэрхийлэв”, “Талх чихрийнхэн балжиннямтай өдөр цагаан сарын идээгээ үйлдвэрлэж эхэллээ” сурвалжлага, нийтлэлээ онцолжээ. Мөн дугаарт нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Самурай бондыг газрын тосны үйлдвэр, V цахилгаан станц зэрэг том төслүүдэд зарцуулна”, сэтгүүлч З.Боргилмаагийн ГХ-ийн сайд Лу.Болдтой хийсэн “Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого юм” ярилцлага, нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, хотын дарга Э.Бат-Үүл нар огцроно гэдэгт найдаж байна”, “Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардаж жагслаа”, “Японы эрх баригчид 280 арлыг өмчилнө”, сэтгүүлч О.Эрдэнэчимэгийн МУСТА А.Цэгмидтэй ярилцсан “Алтан үеийнхнийхээ дуурайллаар явахад алзахгүй л гэж боддог” ярилцлага, сэтгүүлч Х.Цэнд-Аюушийн МҮОНР-ийн нэвтрүүлэгч асан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт М.Жанцантай хийсэн “Нэвтрүүлэгч хариуцлагатай ажил, аав минь өөд болсон өдөр чөлөө өгөөгүй шүү дээ” зэрэг гадаад, дотоод сонирхолтой ярилцлага, сурвалжлага, нийтлэл, мэдээ мэдээллүүд нийтлэгджээ.

“Өнөөдөр” сонин нийтлэлч Л.Түдэвийн “Ус самрагчид”, “Бялууны зүсэм цөөн байх тусмаа амттай” зэрэг нийгэм, улс төрийн нийтлэлүүдээ өнөөдрийн дугаартаа онцолжээ. Мөн дугаараас сэтгүүлч О.Бат-Ундрахын “Хууль зүйн яамныхан 2.5 тэрбум төгрөгийн үнэтэй эвдэрч, дэлбэрсэн аппаратыг санаатайгаар эвдсэн үү” сурвалжлагыг уншиж болохоос гадна амралт чөлөөт цагт зориулсан тусгай хавсралтаас урлаг соёл, спортын тухай сонирхолтой мэдээ мэдээлэл, дурсамжийг уншаарай.

“Улс төрийн тойм” сонин тоймч Г.Отгонжаргалын “Хуулиа ойлгох болоогүй юу, Д.Сумьяабазар гишүүн ээ”, тоймч Т.Урангэрэлийн “Ё.Отгонбаяр: Засгийн газар муу ажилласны балгийг ард түмэн үүрч болохгүй” зэрэг ярилцлага, нийтлэлээ өнөөдрийн дугаарт онцолсон байна. Түүнчлэн сэтгүүлч М.Мөнхтунгалагийн “Х.Алтай хөрөнгийн биржийг дампууруулаад зугтаж байна”, тоймч Р.Сарангоогийн “Бараг бүлэг” зэрэг нийтлэлийг нэгдүгээр нүүрэндээ нийтэлжээ. Мөн сэтгүүлч Т.Болорцэцэг “Хүний аминд хүрсэн өргүүр зөвшөөрөлгүй байж магадгүй” хэмээн асуудал дэвшүүлсэн нийтлэлээрээ “Макс-Өргөө” ХХК-ийн болон бусад туслан гүйцэтгэгч компаниудын асуудлыг хөндсөн байна. Сэтгүүлч Д.Мягмардоржийн “Цэргийн дарга нар төмөр зам зарчихжээ” эрэн сурвалжлага, сэтгүүлч Н.Баасандэмбэрлийн “Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний тасалбарыг шагласаар байна” сурвалжлага, ярилцлага зэргийг уншихаас гадна дэлхий дахинд болж буй “Шувууны ханиадаар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ”, “Ким Чен Уны авга эгч амиа хорлосон гэх мэдээллийг үгүйсгэв“, “АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисдэг тэрэг осолджээ” зэрэг мэдээ мэдээллийг нийтэлжээ.

“Монголын Үнэн” сонин өнөөдрийн дугаартаа сэтгүүлч С.Баттулгын “Н.Энхбаярын эрин үеэс АН, МАН-д үлдсэн ул мөр”, сэтгүүлч М.Өнөржаргалын “Х.Тэмүүжин Д.Дорлигжав нар дахин зөрчилдөж эхэллээ” зэрэг улс төрийн нийтлэлийг тус тус онцолжээ. Мөн дугаарт сэтгүүлч Д.Мягмарсүрэнгийн “Гадныхны хэлсэн болгоныг тоть шиг дагах ёстой юм уу, Х.Тэмүүжин сайд аа”, “Н.Алгаа: Алтны тухай хуулийг зөвхөн Оюутолгойд зориулсан гэж харах нь өрөөсгөл”, “Залуучууд Ерөнхий сайдыг үндсэн хуулиа уншихыг шаардав”, “Газар тариалангийн салбарын бодлого ганцхан жилийн дотор газар хатгалаа”, нийтлэлч В.Нэргүй “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдийн засгийг хэмнэх гээд байна уу, хэтэвчлэх гээд байна уу”, “МЗЭ ойн баяраараа бүл нэмлээ” зэрэг нийгэм, улс төр, цаг үеийн асуудлыг хөндсөн нийтлэл, сурвалжлага нийтэлсэн байна.

Түлхүүр үг:сонины тойм
Хуваалцах