Соробан сампингийн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон багш, сурагчдад баяр хүргэлээ
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээн саяхан амжилттай зохиогдсон.
Мэдээллийн алба

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээн саяхан амжилттай зохиогдсон. Энэ удаагийн тэмцээнд 67 улс орны хүүхдүүд оюун ухаанаараа өрсөлдөж манай улсаас оролцсон багш, сурагчид 29 алт, мөнгөн цом хүртжээ. Тэмцээнд Дорнод аймгийг төлөөлөн оролцсон Ө.Ану, Б.Цолмонсүрэн нар мөнгөн цомын эзэд болсон юм. Тиймээс Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэмцээнд амжилттай оролцсон сурагч Ө.Ану, Б.Цолмонсүрэн, тэмцээнд бэлтгэсэн багш Э.Энхмаа нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Энэ үеэр сурагчдад Монголын хүүхдийн ордны эрдэм мөнгөн медаль, өргөмжлөл, гарын бэлгийг гардуулж, бэлтгэсэн багш Э.Энхмааг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Аймгийн Засаг дарга уулзалтын үеэр “Багш сурагчдынхаа тэмцээнд оролцож байх үеийн мэдээллийг тогтмол авч байсан, олон улсын хүүхдүүдтэй оюун ухаанаараа өрсөлдөж амжилт гаргасан хүүхдүүдээ амжилт хүсье. Хүүхдүүдээрээ бахархаж байна” гэж хэллээ.

Япон улсад анх хөгжиж 500 жилийн үүх түүхтэй энэ сампин нь тоог чээжээр бодох чадварыг хүүхдэд суулгахаас гадна хүний оюун ухааны хөгжилд ихээхэн ач тустай нь нэгэнт нотлогджээ. Манай улсад Соробан сампин харьцангуй хурдацтай хөгжиж салбар нь төв, хөдөө орон нутагт олноор нээгдэж байгаа юм.Дорнод аймагт 3 жилийн өмнө салбар нь байгуулагдаж, жил бүр 5-15 насны хүүхдүүдийг хамруулан сургаж байна.
Б.Отгонбавуу


















