Судан улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Мөн уулзалтын үеэр сайд Л.Болд, Элчин сайд О.Ахмед нар Судан улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцсон байна.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Судан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Омер Эйза Ахмедийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд Элчин сайд О.Ахмедэд Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд Монгол, Суданы харилцаа, түүний дотор уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх бололцоог эрэлхийлэх асуудлаар санал солилцов. Элчин сайд О.Ахмед Монгол Улсын цэргийн албан хаагчид тус улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийлж, цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулах, чингэхдээ харилцан айлчлалыг тогтмолжуулахад анхаарч ажиллахаа нотложээ. Тэрбээр Бүгд Найрамдах Судан улсын Гадаад хэргийн сайд Л.Болдыг урьсныг уламжилж, тааламжтай цагтаа айлчлахыг урив.
Мөн уулзалтын үеэр сайд Л.Болд, Элчин сайд О.Ахмед нар Судан улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцсон байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Судан улстай 1970 онд дипломат харилцаа тогтоосон. Одоогийн байдлаар Судан улсын Дарфур мужид НҮБ болон Африкийн холбооны хамтарсан UNAМID ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчдын багийн дөрөвдүгээр ээлжийн дайчид үүрэг гүйцэтгэж байна.


















