Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Суданы шилжилтийн үеийн зөвлөлийг шинээр бүрдүүлэх талаар санал нэгдээгүй байна

Суданы шилжилтийн үеийн зөвлөлийг шинээр бүрдүүлэх талаар эсэргүүцэгчид цэргийн мэдэлтнүүдтэйгээ санал нэгдээгүй байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Суданы шилжилтийн үеийн зөвлөлийг шинээр бүрдүүлэх талаар санал нэгдээгүй байна
Суданы шилжилтийн үеийн зөвлөлийг шинээр бүрдүүлэх талаар санал нэгдээгүй байна. Зураг: МҮОНРТ

Суданы шилжилтийн үеийн зөвлөлийг шинээр бүрдүүлэх талаар эсэргүүцэгчид цэргийн мэдэлтнүүдтэйгээ санал нэгдээгүй байна. Талууд иргэний болон цэргийн нэгдсэн зөвлөл байгуулахаар тохиролцсон ч, энэ зөвлөлөө хэрхэн бүрдүүлэх талаар санал зөрөлдөж байгаа тул эсэргүүцэгчид нь бүх нийтийн жагсаалаа үргэлжлүүлэхэд ард иргэдийг уриалж байна.

Хэдэн сараар үргэлжилсэн Засгийн газрыг эсэргүүцэх жагсаалыг ард нь удирдан зохион байгуулж байсан Мэргэжилтнүүдийн холбоо болон улс төрийн намууд мягмар гарагт мэдэгдэл хийж, тавдугаар сарын 2-ны өдөр бүх нийтийн жагсаалд оролцохыг олон нийтэд уриалжээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө тус улсын цэргийн эрх баригчид эсэргүүцэгчдэд хандан дахин үймээн шуугиан гаргахгүй байхыг, авто болон төмөр замын сүлжээг нээж чөлөөлөхийг шаардсан байна. Тэдний хэлж шаардсанаар Суданы долоон мужид хэрэгцээтэй зүйлсийн хомсдол үүсээд буй юм байна.

Харин эсэргүүцлийн хөдөлгөөнийг голлон зохион байгуулагч, гол сөрөг хүчин Суданы мэргэжилтнүүдийн холбоо цэргийн мэдэлтнүүд нь төрийн эрхийг ард иргэдэд шилжүүлэх талаар анхаарч үзэхгүй байна гэжээ.

Эсэргүүцэгчдийн зүгээс Суданы төрийн эрхийг 15 хүний бүрэлдэхүүнтэй Нэгдсэн зөвлөлд шилжүүлэхийг цэргийнхнээсээ шаардаж байна. Тэдний шаардсанаар энэ зөвлөлийн найм нь иргэдийн төлөөлөл байх бол, долоо нь цэргийнхний төлөөлөл байх ёстой.

Харин одоогоор халаагаа шилжүүлж өгөөгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Цэргийн түр зөвлөл” 10 хүний бүрэлдэхүүнтэй “Нэгдсэн зөвлөл” байгуулаад, үүнийх нь долоо нь цэргийн, гурав нь иргэний төлөөлөл байхаар төлөвлөжээ.

Өнгөрөгч бямба гарагт Суданы эсэргүүцэгчид “Цэргийн түр зөвлөл”-ийнхөнтэй иргэний болоод цэргийн нэгдсэн зөвлөл байгуулах тохиролцоонд хүрсэн юм.

Хуваалцах