СӨХ-д тавьдаг хяналт дутмаг байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн зарим дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Мэдээллийн алба

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн зарим дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд иргэдээс ирүүлсэн нийт 43 өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэсэн бөгөөд 15 сууц өмчлөгчдийн холбоонд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлуудын шинж байдлаас харахад оршин суугч /хэрэглэгч/-ийн эрх зөрчигдөх байдал түгээмэл байна. Тодруулбал, СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий байгууллага буюу нийслэл, дүүргийн ЗДТГ-аас СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүйгээс гадна гишүүнчлэлийн татвар гэх нэрээр СӨХ-доос төлбөр авдаг, тус байгууллагаас хууль бусаар тогтоосон тарифийг баримтлан СӨХ-ны төлбөрийг иргэдээс авдаг аж.
Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс;
-СӨХ-г хууль бусаар СӨХДЗ ТББ-д элсүүлсэн;
-СӨХ-ны төлбөрийг сууц өмчлөгчид өөрсдөө бус СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл дур мэдэн хууль зөрчиж тогтоодог;
-СӨХ-ны гүйцэтгэх захирал өөрт олгогдсон эрхийг хэтрүүлэн холбоо болон оршин суугчдын эрх ашигт нийцэхгүй шийдвэрийг гаргадаг, үйл ажиллагаа явуулдаг;
-СӨХ-ны гүйцэтгэх захиралд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий Хяналтын зөвлөл гэх субьект байдаг боловч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлдэггүй;
-СӨХ-ны хурлыг хуралдуулдаггүй. Үүний шалтгаан нь нэг талаас СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал хуралдуулах үүргээ биелүүлдэггүй. Нөгөө талаас сууц өмчлөгчид иргэний үүргээ биелүүлж хуралдаа өөрсдөө оролцдоггүй;
-СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл сууц өмчлөгчдөд үйл ажиллагаа, төсөв, түүний гүйцэтгэлийг тайлагнадаггүй.
-Зарим СӨХ-г хууль тогтоомж зөрчиж оршин суугчдын оролцоогүйгээр байгуулсан,
-Иргэд СӨХ-ны хууль эрх зүйн мэдлэг ихээхэн дутмаг зэрэг зөрчил илэрсэн байна.


















