СӨХ-ны талаарх иргэдийн сэтгэгдлийг сонсов
Зарим СӨХ-дыг хуралдуулах, иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллав.
Мэдээллийн алба

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, зарим СӨХ-дыг хуралдуулах, иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллав.
Тухайлбал, уулзалтын үеэр СӨХ-ын төлбөр өндөр байгаа, авсан төлбөрөө өөр зүйлд зарцуулдаг, орчны тохижилт үйлчилгээ муу, СӨХ-ын удирдлагууд хариуцлагагүй ажилладаг. Түүнчлэн оршин суугчид өөрсдөө СӨХ-оо байгуулах ёстой байтал барилга барьсан компани нь СӨХ-ыг аваад мөнгө олох зорилгоор иргэдийн халаасыг сэгсрэх асуудал гарсаар байна. Өөрөөр хэлбэл, СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдгийг иргэд онцолж маш их гомдолтой байгаагаа дурдацгааж байлаа.
Мөн 3500 төгрөгийн хураамж авдаг мөртлөө цэвэрлэгээ үйлчилгээ сайн, иргэдийнхээ төлөө ажилладаг үлгэр жишээч СӨХ-ууд байхад ашиг орлого олохын төлөө оршин суугчдыг хохироож, туйлдуулж байгаа асуудлыг ШӨХТГ-аас шийдэж, үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байна.


















