Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймаг 1943 оноос жанжны нэрээр нэрлэх болжээ

Их жанжны нэрээр овголсон Сүхбаатар аймгийнхан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг өчигдөр сүр дуулиатай тэмдэглэлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сүхбаатар аймаг 1943 оноос жанжны нэрээр нэрлэх болжээ
Сүхбаатар аймаг 1943 оноос жанжны нэрээр нэрлэх болжээ. Зураг: МҮОНРТ

Их жанжны нэрээр овголсон Сүхбаатар аймгийнхан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг өчигдөр сүр дуулиатай тэмдэглэлээ.

Тус аймаг нь 1942 онд байгуулагдахдаа "Жавхлант шарга" нэртэй байсан бөгөөд Д.Сүхбаатар жанжныг насан эцэслэсний 20 жилийн ойгоор буюу 1943 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 05 тоот тогтоолоор Сүхбаатар аймаг хэмээн нэрлэж байсан түүхтэй.

Их жанжнаар овоглосон аймгийн хувьд төр нийгмийн нэрт зүтгэлтний ажил үйлс, хөдөлмөр зүтгэлийг нэхэн санаж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор энэ өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан олон үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь аймгийн төвд байрлах Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа байлаа.

Энэ ёслолд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, цэргийн ангиудын бие бүрэлдэхүүн, иргэд оролцов.

Цэцэг өргөх ёслолын үеэр цэргийн алба хаагчид жагсаалын үзүүлэх тоглолтоо сонирхуулсан юм.

Түүнчлэн тус аймгийн Угсаатны зүйн музей, Сүхбаатар сумын музей хамтран “Тусгаар тогтнол-Түүхийн жимээр” үзэсгэлэн дэглэж олны хүртээл болголоо. Үзэсгэлэнд Сүх жанжны эдэлж хэрэглэж байсан морины ташуур, буу, богц болон “Өглөө” киноны үед хэрэглэж байсан дээл хувцас, зураач урчуудын урласан зураг, баримал, хатгамал, зээгт наамал зэрэг олон сонирхолтой үзмэрийг дэлгэжээ.

Угсаатын зүйн музей нь арван танхимтай, нийт 3000 орчим үзмэртэй. Гэвч их жанжинаараа овоглосон аймгийн музейд жанжины нэрэмжит танхим байдаггүй. Хэдийгээр музейд жанжинтай холбоотой түүхэн үзмэрүүд байдаг хэдий ч энэ нь танхим нээхэд хангалтгүй гэж үздэг юм. Тиймээс цаашид жанжины нэрэмжит танхим байгуулах, жанжины ах дүү, ураг төрлийн хүмүүсээс түүнтэй холбоотой эдлэл хэрэглэлийг цуглуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн онцлох зочдоор их жанжны төрөл төрөгсөд уригдсан байлаа. Түүний үр хүүхэд, ах дүү, ач зээ нийлсэн 300 гаруй хүн байдгаас Сүхбаатар аймагт 70 орчим хүн амьдарч байна.

Сонирхуулахад Жавхлант шарга нэртэй байсан аймгийн 1943 оноос их жанжны нэрээр нэрлэх болжээ.

Хуваалцах