Сүхбаатар аймагт химийн эмчилгээний тасаг байгуулах төсөл хэрэгжүүлнэ
Сүхбаатар аймгийн хувьд хорт хавдрын өвчлөлөөр улсад эхний 5-т ордог. Тус аймагт сүүлийн жилүүдэд элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх болжээ.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн хувьд хорт хавдрын өвчлөлөөр улсад эхний 5-т ордог. Тус аймагт сүүлийн жилүүдэд элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх болжээ. Сүүлийн таван жилийн дунджаас харахад жилд ойролцоогоор 95-103 хүн хавдраар өвчилсөн гэх албан мэдээ байгаа юм. Үүнээс 78.8 хувь нь 3 дугаар үе шатанд оношлогдож, оношлогдсон иргэдийн 80 хувь нь нас бардаг аж. Аймгийн нийт хүн амын нас баралтад хавдраар нас барсан хүний тоо 34.3 хувийг эзэлж байгаа нь бид энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байгаа юм.
Хавдраар өвчилсөн өвчтөнг эмчлэх гол эмчилгээ нь химийн эмчилгээ байдаг ч улсын хэмжээнд ганцхан ХСҮТ энэ эмчилгээг хийдэг. Иймээс аймгийн Эрүүл мэндийн газар, "Жаргалсайхан ирээдүй сан" хамтран "Хими эмчилгээний тасаг байгуулах" төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Орон нутагтаа хавдрын эсрэг химийн эмчилгээ хийгээд зогсохгүй цаашид зүүн гурван аймгийн хавдрын төв болох зорилготойгоор эхлүүлэх эл төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 170 кв.м талбай бүхий 5 өрөөг тохижуулах юм. Тасгийн байр, барилгын дотоод засал 47 сая төгрөг Хими эмчилгээний багаж хэрэгсэл 15 сая төгрөг нийт 67 сая төгрөгийн санхүүжилтээр уг төсөл хэрэгжих юм. "Хаан банк" сан тоног төхөөрөмжийн зардлыг гаргахаар болсон бөгөөд бусад санхүүжилтийг ард иргэд, аж ахуйн нэгжийн хандив тусламжаар байгуулах ажээ.


















