Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сүхбаатар хөгжил 2016” өдөрлөгөөр 50 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

Сүхбаатар аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран “Сүхбаатар хөгжил” зах зээлийн өдөрлөгийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сүхбаатар хөгжил 2016” өдөрлөгөөр 50 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ
“Сүхбаатар хөгжил 2016” өдөрлөгөөр 50 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран “Сүхбаатар хөгжил” зах зээлийн өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийг 2006 оноос хойш жил бүр зохион байгууулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд 120-130 иргэн, аж ахуй нэгж өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж, орон нутгийн брэндээ танилцууллаа. Тухайлбал, тогтмол амжилттай оролцож, ард иргэдийн талархлыг хүртэж байсан Дарьганга сумын хөмүүл, Халзан сумын таанын сорс, Баруун-Урт сумын сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боов, хэвийн боов, хиам, адууны утсан мах, төмс, хүнсний ногоо, Түмэнцогт сумын зөгийн бал, Хар ямаат цай, цагаан идээ, Мөнххаан, Халзан сумдын эсгий, эсгий эдлэл зэрэг олон бүтээгдэхүүнийг нэрлэж болох юм.

“Сүхбаатар хөгжил-2016” зах зээлийн өдөрлөг нь 10 жилийн ойгоороо “Эрүүл хүнс”, “Алтан намар” үзэсгэлэн худалдаа, мөн аймгийн хэмжээнд зургаадугаар сард зарлагдсан “Сүүтэй монгол” аяны хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог ажээ.

Үүнээс гадна хоёр өдрийн турш зохион байгуулагдсан үзэсгэлэн, худалдаанд нийт 12 сумын 104 малчид, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 50.2 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнээр оролцлоо. Малчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг нийт 8 номинациар шалгаруулж, дүнг гаргасан бөгөөд Асгат сум багаараа тэргүүн байр эзэлж, Гранппри шагналын эзэн болсон бол Мөнххаан, Баруун-Урт сумд удаалсан байна. Орон нутгийн шилдэг /брэнд/ бүтээгдэхүүнээр Баруун-урт сумын “Оранж бейкери” цехийн бялуу шалгарлаа.

“Сүхбаатар хөгжил” зах зээлийн өдөрлөг нь орон нутгийн малчид, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн экологийн цэвэр, хямд бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжийг иргэдэд олгохоос гадна үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийг сурталчилсан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Цаашид ”Сүхбаатар хөгжил” зах зээлийн өдөрлөгийг өргөн хүрээнд зохион байгуулж, Зүүн бүс болон хөрш орнуудын хамтын ажиллагааг өрнүүлэх эдийн засаг, худалдааны гол үйл ажиллагаа болгон хөгжүүлэхэд анхааран ажиллана гэж аймгийн удирдлагууд онцолсон юм.

Хуваалцах