Сумоч А.Хүчитбаатар нутгийнхаа буурлууддаа хүндэтгэл үзүүллээ
Японы мэргэжлийн сумод манай монгол бөхчүүд амжилттай барилдаж энэ цаг үеийг эзэгнэн барилдаж эхэлснээр багагүй хугацаа өнгөрч, бөхөд дуртай Монгол түмэн эртэй бяртай сумоч хөвгүүдээрээ бахархан омогших болсон.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сумод манай монгол бөхчүүд амжилттай барилдаж энэ цаг үеийг эзэгнэн барилдаж эхэлснээр багагүй хугацаа өнгөрч, бөхөд дуртай Монгол түмэн эртэй бяртай сумоч хөвгүүдээрээ бахархан омогших болсон. Өнгөрсөн Нагояа башед Их аварга Хакухо 30 дахь түрүүгээ авч, сумо бөхийн түүхэн амжилтанд ойртон ирж байгаа нь Монголчуудын хувьд бахдам сайхан хэрэг билээ. Энэ долоодугаар сарын барилдааны дараа манай сумо бөхчүүд бүгд эх орондоо амрахаар хүрэлцэн ирсэн бөгөөд өөр өөрсдийн нутаг оронд очиж амрахын сацуу хүмүүнлэгийн үйлсэд гар оролцож байна.
Токио хотын мэргэжлийн сумогийн Токицуказэ дэвжээний сумоч Токитэнкү А.Хүчитбаатар төрөлх нутаг Төв аймгийн Алтанбулаг сумынхаа наадамд хүрэлцэн очих үеэрээ нутгийнхаа настан буурлуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулжээ. Өнгөрсөн жил А.Хүчитбаатар Төв аймгийн 90 жилийн ойгоор нутагтаа бүрэн тоноглосон хоёр түргэн тусламжийн автомашин бэлэглэсэн нь хөдөөгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан сайхан ажил болсон юм.


















