Сурагчид малчидтай хамтран таван булгийн эхийг хашиж хамгаалав
сурагчид жилд дөрвөн удаа урсгалын урт, ногоон талбайн хэмжилт хийхийн зэрэгцээ автомат камер суурилуулж, ундалж буй зэрлэг амьтдын судалгааг хийх аж.
Мэдээллийн алба

Эко клубын сурагчид зэрлэг амьтад ундалдаг булаг шандыг хамгаалах ажлыг Монголд анх удаа санаачлан өнгөрсөн оноос амжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас тэднийг дэмжин ажиллаж байгаа аж.
Тухайлбал, Эко клубын сурагчид орон нутгийн удирдлага, иргэдтэй хамтран 2018 онд дөрвөн булгийн эхийг хашиж хамгаалснаар урсац нь нэмэгджээ. Мөн булаг шандны ойролцоо автомат камер суурилуулан булгаас зөвхөн хүн мал уудаггүй, зэрлэг амьтад ч бас уудаг болохыг баталсан юм. Түүнчлэн “Ашиглагч нь хамгаалагч байх” уриалга түгээснээр Говь-Алтай аймгийн долоон сумын малчдаас 21 сая төгрөгийн хандив цуглуулж чаджээ.
Тэгвэл эко клубын сурагчид өнгөрсөн зун малчидтай хамтран монгол бөхөнгийн тархац нутаг болох Шарга, Хүйсийн говьд таван булгийн эхийг хашиж хамгаалж, сумын захиргаа, малчидтай гурвалсан гэрээ байгуулан булгийн хашааны түлхүүрийг хүлээлгэн өгсөн байна. Ийн цаашид хашсан булгийн эхийг хамгаалах үүргийг малчид хүлээх юм.
Харин сурагчид жилд дөрвөн удаа урсгалын урт, ногоон талбайн хэмжилт хийхийн зэрэгцээ автомат камер суурилуулж, ундалж буй зэрлэг амьтдын судалгааг хийх аж.


















