Сургууль, цэцэрлэгийн цайны газрыг шалгалаа
Мөн нийт сургуулийн 18 хувь нь цайны газаргүй тоног төхөөрөмж дутагдалтай, хүүхдийн хоолоор мэргэшсэн тогооч байхгүй учир голдуу ороомог, пирошки, үзэмний шүүсээр үйлчилж байв.
Мэдээллийн алба

Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх цайны газар болон цэцэрлэгийн гал тогооны үйл ажиллагаанд шалгалт явуулах захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Долгор, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхбат болон холбогдох албаны хүмүүс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуулийн дэргэдэх 36 цайны газар, 57 цэцэрлэгийн гал тогоонд шалгалт хийлээ.
Дүүрэгт төрийн өмчит ерөнхий боловсролын 15, хувийн өмчит 20 сургууль дээр “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж шалгалтад хамрагдсан 50 сургуулийн 18 сургууль буюу 36 хувь нь дэргэдээ зориулалтын хоол үйлдвэрлэлийн өрөөтэй, 46 хувь нь зориулалтын бус анги танхим, коридорын зай талбайг өөрчлөн засварласан бэлтгэл, хоол боловсруулалтыг нэг дор хийж байна.
Мөн нийт сургуулийн 18 хувь нь цайны газаргүй тоног төхөөрөмж дутагдалтай, хүүхдийн хоолоор мэргэшсэн тогооч байхгүй учир голдуу ороомог, пирошки, үзэмний шүүсээр үйлчилж байв.
Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор хоёр сургуулийн цайны газарт 200.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, дөрвөн цэцэрлэг, сургуулийн удирдлага, цайны газарт улсын байцаагчийн 24 заалт бүхий дөрвөн албан шаардлагыг бичиж хугацаатай үүрэг өглөө.


















