СЗХ Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын зөвлөлийн дэд даргаар сонгогдлоо
Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын зөвлөл /ECAPI-Eastern Europe & Central Asia Policy Initiative/-ийн ээлжит хурал энэ сарын 14-15-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын зөвлөл /ECAPI-Eastern Europe & Central Asia Policy Initiative/-ийн ээлжит хурал энэ сарын 14-15-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хурлаар зөвлөлийн гишүүн орнууд 100 хувийн саналаар Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороог дэд даргаар сонгож томилсон бөгөөд Хороог төлөөлж Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, бүс нутгийн хүрээнд санхүүгийн хүртээмжийн бодлого стратегид тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа онцлон тэмдэглэлээ.
Хурлаар дижитал санхүүгийн e-KYC буюу цахимаар хэрэглэгчийг таньж мэдэх болон e-ID буюу цахим үнэмлэхийн үр дүнтэй зохицуулалтын хүрээ, санхүүгийн шинэчлэл, санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор хөгжиж буй болон хөгжингүй орнуудын туршлага, арга барилаас хуваалцсан юм. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд тулгардаг бэрхшээл, санхүүгийн боловсролын стратеги, гишүүн орнуудын санхүүгийн боловсролтой холбоотой бодлого, санал, санаачлагуудын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож энэ үеэр Хорооны Санхүүгийн боловсрол, сургалтын албаны дарга М.Өлзийбат “Монгол Улсын санхүүгийн боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын зөвлөл нь бүс нутгийн хэмжээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд Монгол, Орос, Армени, Таджикстан, Беларусь, Казахстан, Узбекистан зэрэг орны холбогдох 7 байгууллага гишүүн нь юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.



















