Т.Буяндэлгэр: Тэтгэлэг авахыг хүссэн цөөн оюутанд сургалт зохион байгуулж байна
“Тэтгэлэгт оюутан” төвийн тэргүүн Т.Буяндэлгэртэй “Тэтгэлэгт оюутан” сургалтын талаар ярилцлаа.
Мэдээллийн алба

“Тэтгэлэгт оюутан” төвийн тэргүүн Т.Буяндэлгэртэй “Тэтгэлэгт оюутан” сургалтын талаар ярилцлаа.
-Оюутнууд гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдахыг хүсдэг ч тэрхүү тэтгэлгүүдэд хэрхэн бэлдэхээ мэдэхгүй байх шиг санагддаг. Танай төв тийм оюутнуудад тусладаг. Төвийн тань гол давуу тал нь юу юм бэ?
-Одоогийн байдлаар Монголд Дотоодын сургалтын тэтгэлэгт оюутнуудыг бэлтгэдэг сургалтын байгууллага байхгүй байна. Энэ орон зайг бид олж сургалтаа явуулахаар анх төлөвлөсөн. Тэгэхээр манай төвийн гол давуу тал нь тэр хоосон байсан орон зайг нөхсөн явдал юм.
-Энэ сургалтыг зохион байгуулаад хэр удаж байна. Хэдэн хүүхдийг тэтгэлэгт хүргэж чадав?
-"Тэтгэлэгт оюутан" төв байгуулагдаад гурван сар болсон байна. Байгуулагдсан цагаасаа хойш нэг анги төгсгөсөн. Одоо хоёр дахь ангийн хичээл нь явагдаж байна. Тун удахгүй буюу энэ сарын 7-нд гурав дахь ангийн хичээл эхэлнэ.
-Танай сургалтад хамрагдсанаар ямар, ямар байгууллагын тэтгэлэгт хамрагдах боломжтой вэ?
-Дотоодын хэмжээнд зарлагдаж байгаа тэтгэлэгт тухайн оюутны суралцаж буй мэргэжлийн чиглэл нь багтсан бол ямар ч тэтгэлэгт хамрагдах боломжтой. Дотоодын хэмжээнд маш олон бизнесийн байгууллага болон сангуудын тэтгэлэг зарлагддаг. Жишээлбэл, Хаан банк, Оюутолгой, Голомт банк, Зориг сангийн тэтгэлэг гэх мэт.

-Яг ямар чиглэлийн сургалтууд явагдах бол...?
-Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тавигддаг үндсэн чадваруудад сургах зорилготой хувь хүний хөгжлийн хичээлүүд заагддаг. Тухайлбал, CV буюу өөрийн товч намтраа бичих, тэтгэлгийн ярилцлагад яаж орох, эсээ хэрхэн бичих, өөрийгөө зөв цэгцтэй илэрхийлэх буюу илтгэх ур чадвар, багийн ажиллагаа гэх мэт маш олон хичээлүүд ордог.
-Нэг элсэлтэндээ хэдэн оюутан бүртгэдэг вэ?
-Бид нэг ангидаа дээд тал нь 10 хүүхэд авдаг. Учир нь цөөхөн хүүхэд авч оюутан бүртэй тулж ажиллан бодит үр дүнд хүрэхийг зорилго болгодог.
-Оюутнуудын хувьд хэддүгээр курсын оюутнууд хамрагдах боломжтой юм бол. Зарим сургууль зургаа, долоон жил сурах тохиолдол бий?
-Их, дээд сургуульд суралцаж байгаа бүх курсын ямар ч мэргэжлийн оюутнууд хамрагдах боломжтой. Мөн өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой оюутан биш хүн ч хамрагдаж болно. Гэхдээ оюутнууд хамрагдвал сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт зуучлуулах давхар боломжоор хангагдах юм.
-Нэг сургалт хэр удаан үргэлжлэх вэ?
-Нэг сар үргэлжилдэг. Дандаа амралтын өдрүүдээр буюу бямба, ням гарагуудад 10:00-13:00 цагийн хооронд үргэлжилдэг. Нэг удаагийн хичээл нь академик цагаар 4 цаг ордог. Сургалтын явцад нийт 8 удаа 32 академик цаг орно гэсэн үг.

-Сургалтыг ямар хүмүүс удирдаж явуулах вэ?
-Сургалтын сургагч багш нар нь оюутан байх хугацаандаа маш олон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд амжилттай хамрагдаж чадсан туршлагатай чадварлаг залуус байдаг. Манай сургалтын бас нэг онцлог нь сургалтын оролцогчдоо өөрсдийгөө оролцуулж сургалтын төгсгөлд тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөхөд бүх материалыг нь бэлэн болгож хооронд нь өрсөлдүүлдэг.
-Ярилцсанд баярлалаа.


















