Т.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
Мэдээллийн алба

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага “Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь "Нэг эрүүл мэнд” /FAO Global Conference for Actions on One Health in Agrifood Systems/” олон улсын бага хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Бүгд найрамдах Итали улсын Ром хотноо зохион байгуулж байна.
Тус бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож байгаа юм.
Тэрбээр “Нэг эрүүл мэнд ба Бэлчээр, малчдын олон улсын жил” сэдэвт салбар арга хэмжээний нээлтэд оролцож үг хэлэв. “Нэг эрүүл мэнд” санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээрх сайн туршлага, сургамжийг хуваалцаж, цаашид өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж, арга замыг эрэлхийлэх зорилготой энэхүү салбар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсынхаа онцлог, туршлагаас хуваалцлаа.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйн арвин мэдлэг, туршлагаа дэлхий нийттэй хуваалцахын зэрэгцээ дэлхийн бэлчээр, малчдын эрх ашиг, уламжлалт амьдралын хэв маягийг хамгаалах үйлсэд идэвхтэй манлайллаа харуулсаар байгааг дурдав. Тухайлбал, Монгол Улс “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах санаачилгыг гаргасан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон албан ёсоор зарласан. Энэхүү олон улсын жилийн хүрээнд өнгөрсөн наймдугаар сард нийслэл Улаанбаатар хотноо Дэлхийн малчдын их хурлыг зохион байгуулж, “Дэлхийн малчдын ерөнхий тунхаглал”, “Малчин эмэгтэйчүүдийн тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал”-ыг тус тус баталсан. Улмаар эдгээр тунхаглалыг Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн, “Бэлчээр ба мал аж ахуй”-н асуудлаар бие даасан шийдвэрийг батлуулсан гэдгийг онцоллоо.

Хэдийгээр “Нэг эрүүл мэнд” нь орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан үзэл баримтлал хэмээн хүлээн зөвшөөрөгддөг боловч монголчуудын хувьд энэ нь олон зууны турш өдөр тутмын амьдрал, уламжлалт ахуйдаа хэрэгжүүлж ирсэн тогтолцоо юм гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ дурдав. Монголын малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн уламжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг. Түүнчлэн монголчууд дөрвөн улирлын цаг уурын онцлог, хүний бие махбодын биологийн хэрэгцээнд нийцүүлэн хоол хүнсээ зохицуулан хэрэглэх баялаг уламжлалтай.
Эдгээр уламжлал, зан заншлыг байгаль дэлхий, мал, амьтан, хүн төрөлхтний эрүүл мэндийг уур амьсгалын онцлогтой уялдуулан зохицуулж ирсэн “Нэг эрүүл мэнд” санаачилгын бодит, тод жишээ хэмээн үздэг. Тиймээс бэлчээр нутгаа болон малчдынхаа уламжлалт соёл, амьдралын хэв маягийг хамгаалахын зэрэгцээ тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадвал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аюулгүй, тогтвортой хүнсний тогтолцоог бэхжүүлэх, “Нэг эрүүл мэнд” санаачилгын бодлого, үйл ажиллагааг урагшлуулахад томоохон боломжийг бий болгож чадна гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэмдэглэн хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ хүн, мал амьтан, бэлчээр, хүрээлэн буй орчны эрүүл мэнд харилцан уялдаатайг онцолж, Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй, улирлын отор нүүдэл, бэлчээрээ нөхөн сэргээх уламжлалт арга ухаан нь “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын бодит жишээ болохыг тэмдэглэж, нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, туршлагыг орчин үеийн шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшилтэй хослуулах, бэлчээрийн экосистем болон малын эрүүл мэндэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, тогтвортой аргаар үйлдвэрлэсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав.
Энэ арга хэмжээнд Уругвай, Ирланд зэрэг орны хөдөө аж ахуйн сайд, зарим улсын залуу малчид, судлаачдын төлөөлөгчид оролцов. Монгол Улсын санаачилгаар "Бэлчээр ба нүүдлийн аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил"-ийг энэ онд дэлхий дахинаа өргөн тэмдэглэж байгаа бөгөөд тус олон улсын жилийн Удирдах хороог Монгол улс даргалж байна.


















