Тай массаж ЮНЕСКО-д бүртгэгдэв
Тайланд улсын үндэсний Тай массаж Дэлхийн өв соёлын жагсаалтад бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

Тайланд улсын үндэсний Тай массаж Дэлхийн өв соёлын жагсаалтад бүртгэгдсэн байна. Энэ төрлийн массаж Тайландын тариаланчдын давхаргаас үүсэлтэй, олон зуун жилийн түүхтэй гэдгийг онцолжээ.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлын жагсаалт жил бүр хүрээгээ тэлдэг. Энэ жил тус жагсаалтад Тайландын үндэсний массаж шинээр бүртгэгдсэн байна. Тай массажийг олон төрлийн байрлалаас янз бүрийн техникийг ашиглан хийж болдог бөгөөд дотроо мөн хэд хэдэн төрөлд хуваагддаг байна.
Тэгвэл Нуад Тай гэх төрлийн массаж ЮНЕСКО-гийн өв соёлын жагсаалтад багтжээ. Нуад Тай массаж нурууны үе мөчнүүдийг амрах, хөшүүн байдлыг нь арилгахад ихээхэн тустай гэж үздэг байна.
Мөн энэ төрлийн массажийг хийхдээ янз бүрийн тосыг ашигладаггүй аж. Тайландын массажийн үүсэл түүх тариаланчдын давхаргатай ихээхэн холбогддог байна. Тариан талбай дээр удаан хугацааны туршид ажиллаж, хөшиж, ядарсан тарианлачид массажийг анх хийж эхэлжээ.
Массажийг хийхдээ хоёр гараар зогсохгүй өвдөг, тохойгоо ашиглан нэмэлт даралт өгдөг. Энэ жил НҮБ-ын ЮНЕСКО-гийн Өв соёлын хорооныхон Колумб улсын Богота хотод уулзалт хийж, ийнхүү шинэ бүртгэлийг явуулжээ.
Тайландын үндэсний массажаас гадна Итали, Португал болон Малайзын түүх, соёлын үнэт бүтээлүүд жагсаалтад шинээр бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн Өв соёлын жагсаалтад 127 орны 550 гаруй зүйлс бүртгэгдсэн байгаа юм.
Хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх шаардлагатай гэж үзсэн соёл заншил болон түүхийн үнэт өвийг энэ жагсаалтад хамруулдаг байна.


















