Тайландын эзэн хааны бие муудлаа
Далан жилийн турш Тайландын хаан ширээнд сууж байгаа эзэн хаан Пхумипон Адульядетийн биеийн байдал муу байгаа тухай хааны ордноос мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Далан жилийн турш Тайландын хаан ширээнд сууж байгаа эзэн хаан Пхумипон Адульядетийн биеийн байдал муу байгаа тухай хааны ордноос мэдэгдлээ. Түүний бие гемодиализын эмчилгээ хийлгэсний дараа цусны даралт нь гэнэт унаж, муудсан боловч эмч нар даралтыг нь тогтворжуулж чадсан байна. Өдгөө 88 настай Тайландын эзэн хаан нь дэлхийн түүхэнд хамгийн удаан хаан ширээнд сууж байгаа юм.

Түүний эрүүл мэндийн байдал сүүлийн хэдэн жилийн турш муу байгаа бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард зүрхний хүндхэн хагалгаанд орсноосоо хойш эмнэлэгт эмч нарын хяналтад ороод байгаа юм. Тэрбээр Тайландын эзэн хааны хувьд ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг бөгөөд өнгөрсөнд гарсан зөрчил мөргөлдөөнүүдийн үеэр ард түмнийг нэгтгэх, аливааг эвээр шийдвэрлүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.

Түүний биеийн байдал ийнхүү муудсанаар дараагийн эзэн хааныг зарлах ёстой боловч Тайландын үндсэн хуульд заасны дагуу одоогийн эзэн хаан үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тэр үед дараагийн ор залгамжлагчийг нэрлэх учиртай юм байна.


















