Тайландын жагсагчид засгийн газрынхаа саналыг хүлээж авахгүй байна
Тайландын оюутан залуучууд нийслэл Бангкок хотод дахин том хэмжээний жагсаал хийж, засгийн газрынхаа өөрчлөлт шинэчлэлт хийх төлөвлөгөөг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлжээ.
Мэдээллийн алба

Тайландын оюутан залуучууд нийслэл Бангкок хотод дахин том хэмжээний жагсаал хийж, засгийн газрынхаа өөрчлөлт шинэчлэлт хийх төлөвлөгөөг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлжээ.
Жагсагчид Ерөнхий сайд ПраютЧанОча-д албан үүргээсээ огцрох, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх, хааны институцэд шинэчлэлт хийх тухай шаардлага дахин тавих үүднээс ням гарагт Бангкок хотын төв дүүрэгт цугласан байна. Тус улсын засгийн газар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг эхлүүлсэн ч жагсагчдын бусад шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж.
Тайландын засгийн газар нөхцөл байдлыг намжаах зорилгоор байгуулагдсан парламентын ажлын хэсэгт орох саналыг жагсагчдад тавьж байгаа. Гэвч жагсагчид засгийн газрынхаа уг саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж, засгийн газраа ямар ч үр дүнд хүрч байгаагүй өмнөхтэй гээ адил санал тавьж байна гэж буруутгаж байна.
Харин хаант засгаа дэмжигч иргэд эсэргүүцлийн хөдөлгөөний хажууханд цугларч, жагсагчдыг хяналтдаа байлгахыг эрх баригчид даа хандаж уриалжээ. Бангкок хотод эсэргүүцэгчид болон дэмжигчдийн дунд цагдаагийн нэмэлт хүч дайчлан гаргасан учраас өнгөрсөн ням гарагийн жагсаалын үеэр ямар нэгэн мөргөлдөөн, тэмцэл өрнөөгүй байна. Өмнөх жагсаалуудтай харьцуулахад өчигдрийн жагсаалд харьцангуй цөөн буюу 10 мянга хүрэхгүй хүн оролцжээ.


















