Тактикийн хээрийн сургуулийн явцтай цахимаар танилцлаа
Зэвсэгт хүчний 2020-2021 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хээрийн гаралт, полигоны дадлагууд хуваарийн дагуу зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 2020-2021 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хээрийн гаралт, полигоны дадлагууд хуваарийн дагуу зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь Зэвсэгт хүчний 339 дүгээр анги бөгөөд тус анги өнгөрсөн долоо хоногт хээрийн гаралтаа зохион байгуулж төгсгөлд нь тактикийн хээрийн сургуулийг явууллаа. Тус сургуулийн явцтай ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Ц.Ганхөлөг нарын албаны хүмүүс техник технологийн дэвшлийг ашиглан цахимаар танилцсан юм.
Сургуулийн төгсгөлд хурандаа Ш.Гантулга, хурандаа Ц.Ганхөлөг нар цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний хэмжээнд техник технологийн дэвшлийг ашиглан цахимаар сургалт, цугларалтыг явуулж, хэвшиж байгааг онцлоод Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа ангиудаас анх удаа тус сургуулийг зохион байгуулсныг тодотгосон юм. Энэхүү сургууль нь цэргийн алба хаагчдын ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, салбаруудын харилцан ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болсон юм. Түүнчлэн сургуулийн явцыг Баянхонгор аймгийн удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга, алба хаагчид үзэж сонирхсон юм.


















