Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Талибан хөдөлгөөн Афганистаныг бүхэлд нь хяналтандаа авснаа зарлав

Талибан хөдөлгөөн Афганистан улсыг бүхэлд нь хяналтандаа авснаа зарлалаа. Талибаны дайчид уржигдар сөрөг хүчний сүүлчийн бэхлэлт болж байсан Панжшер мужийг бүхэлд нь хяналтандаа авч, далбаагаа мандуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талибан хөдөлгөөн Афганистаныг бүхэлд нь хяналтандаа авснаа зарлав
Талибан хөдөлгөөн Афганистаныг бүхэлд нь хяналтандаа авснаа зарлав. Зураг: МҮОНРТ

Талибан хөдөлгөөн Афганистан улсыг бүхэлд нь хяналтандаа авснаа зарлалаа. Талибаны дайчид уржигдар сөрөг хүчний сүүлчийн бэхлэлт болж байсан Панжшер мужийг бүхэлд нь хяналтандаа авч, далбаагаа мандуулсан байна. Тус хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч өөрсдийнх нь эсрэг зэвсэгт тэмцэл хийж байгаа Умардын Эвсэлд тэмцлээ зогсоо гэж уриалсан байна.

Исламын шашны хэт тулгуур үзэлтэй Талибан хөдөлгөөн 8 дугаар сарын 15-нд Афганистаны нийслэл Кабул хотод хяналтаа тогтоож, Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо гарч, Засгийн газар нь тарахад хүрсэн. Үүнээс хойш Афганий Умард эвслийн удирдагч агсны хүү Ахмад Массудын тэргүүлдэг Афганистаны Үндэсний эсэргүүцлийн фронт Панжшерын хөндийд бууж өгөөгүй, Талибаны эсрэг сөрөн зогсож байсан юм. Массуд цахимаар хийсэн мэдэгдэлдээ зэвсэгт хүчин нь Панжшерын хөндийд байгаа, эсэргүүцэл тэмцэл үргэлжлэх болно гэж мэдэгджээ. Кабул хотоос хойд зүгт 200 км-ийн зайд оршдог Панжшер нь Америкийн цэрэг Афганистанаас гарснаас хойш Талибаны хяналтанд ороогүй сүүлийн муж болоод байсан юм.

Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид: “Панжшерын орон нутгийн дайчид манай төлөөлөгчдөд эсэргүүцсэн хариу өгч, хэлэлцээг зогсоосон. Иймээс бид тийш нь цэргээ илгээсэн. Манай улс дайныг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Дайныг үргэлжлүүлэх ямар ч шалтгаан байхгүй. Иймд Талибан хөдөлгөөн дайныг эцэслэсэн гэдгийг манай эх орон нэгтнүүд ойлгох хэрэгтэй” гэжээ.

Панжшерын хөндийн хувьд 1990-ээд онд Талибан хөдөлгөөнийг эсэргүүцэж байсан Умардын эвсэл төвлөрдөг газар нутаг юм. Умардын эвслийг удирдаж байсан Ахмад Шах Массуд нь 2001 онд есдүгээр сарын 11-ний халдлагын өмнөхөн алагдсан юм. Харин уг эвсэл АНУ-ын дэмжлэгтэйгээр Кабулд хяналтаа тогтоож, Талибаны засаглалыг унагааж байсан. Тус эвслийн гишүүд өнгөрсөн хугацаанд улс төрийн хүчтэй нөлөөгөө хадгалж, Засгийн газар дахь Талибаны оролцоог үгүйсгэж ирсэн юм.

Хуваалцах