“Талын салхи-2019” олон улсын мото наадам эхэллээ
“Талын салхи-2019” олон улсын мото наадам амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 8, 9-ний өдөр зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

“Талын салхи-2019” олон улсын мото наадам амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 8, 9-ний өдөр зохион байгуулагдаж байна. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлээ. Мото спорт сонирхогчид цуваа болон “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдлөөд байна.
Цонжин болдог дахь мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа бол орой нь ардын урлагийн тоглолт болох юм. Түүнчлэн хамтлаг дуучид тоглолтоо сонирхуулж, уран нугаралт, циркийн үзүүлбэрийг үзэж, сонирхох боломжтой аж.
"Талын салх"и наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас мото тамирчид мөн Япон, Энэтхэг улсын төлөөлөл оролцож буй юм байна.
Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.
Тус наадмыг Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж байна.


















