"Тамхидалтын эсрэг хувьсгал"-д 10 аймаг нэгдлээ
Тамхины хэрэглээ нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудлуудын нэг юм.
Мэдээллийн алба

Тамхины хэрэглээ нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудлуудын нэг юм. 2013 онд хийсэн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь тамхи хэрэглэж байна. Хүйсийн хувьд 20 эмэгтэйн нэг нь, хоёр эрэгтэйн нэг нь тамхи татдаг. 2015 байдлаар тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр 2200 гаруй хүн нас барсан байна. 2012 онд тамхины хэрэглээний хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үйлдвэр, олон нийтийн газруудын дотоод орчинд тамхи татахыг хуулиар хориглосон. Гэсэн хэдий ч 2015 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр томоохон барилгын талбайн гадна талд тамхи татах цэг байхыг зөвшөөрсөн нь Монголд 100 хувь тамхигүй ажлын байранд бүрдүүлэх чармайлтыг сулруулсан билээ. Үр дүнд нь 10 хүнийдөрөв нь гэртээ,дөрвөнхүнийнэгнь ажлын байранд дам тамхидалтад өртөж байна.Тиймээс “Тамхидалтын эсрэг хувьсгал” кампанит арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв хамтран зохион байгуулж байна.
ДЭМБ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Наранчимэгээс дараах асуултад хариулт авлаа.
-Тамхидалтын эсрэг хувьсгал кампанит ажлыг монголоос гадна ямар улсад хэрэгжүүлж байгаа вэ?
-Тамхидалттай тэмцэх энэ аяныг Монгол Улс төдийгүй бусад олон оронд зэрэг эхлүүлж байна. Өнгөрсөн долоон сард Бээжин хотод албан ёсоор нээлт нь эхэлсэн. Энэ нээлтэнд Монгол Улсыг төлөөлж 4-р Дулааны цахилгаан станцаас төлөөлөл оролцож, одоо байгууллага дээрээ өөрсдийн туршлагаа нэвтрүүлж байна. Монгол Улсаас гадна Камбожи, Лаос,Филиппин зэрэг Номхон далайн эргийн улс буюу өөрөөр хэлбэл тамхины хэрэглээ харьцангуй өндөр улсад эхэлж байгаа. Энэ камбанит ажил ямар онцлогтой вэ гэвэл бизнес эрхлэгч, манлайлагч нарыг тамхидалтын эсрэг уриалан дуудаж байгаагаараа өвөрмөц юм. Жишээлбэл хятадын томоохон компани 17 салбарт тамхигүй орчныг бүрдүүлж ажиллаж байна.
-Тамхидалтанд өртдөг, эсвэл тамхи татдаг иргэдийн дунд хэдэн насныхан түлхүү байна вэ?
-Дам тамхидалтанд дэлхийд 7 сая хүн өртдөг. Түүний 1 сая хүн нь нас барах тохиолдол гардаг гэсэн судалгаа бий. Тамхидалтанд хөдөлмөрийн идэвхитэй насны хүмүүс илүү өртдөг. Монгол Улс судалгаагаар тамхидалтын өндөр улсад тооцогдож байна. Жилдээ 2200 хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр өвчилж байгаа судалгаа бий.
-Тамхидалтын эсрэг хувьсгалд хэчнээн байгууллага нэгдэж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 10 аймаг болон Чингэлтэй дүүргээс оролцож дэмжиж нэгдэж байгаа. Энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш. Бүтэн жилийн хугацаанд эхний оролцогч 10 аймаг болон Чингэлтэй дүүргийн албан байгууллага тамхигүй орчин бүрдүүлэх тал дээр энэ санаачилгыг хэрэгжүүлж үр дүнг нь тооцохоор төлөвлөсөн. Монгол Улсад эрүүл хотуудын сүлжээ 2017 онд байгуулагдсан. Уг сүлжээнд нэгдэж орсон 10 аймгийн хотын дарга нарын төлөөлөл энэ удаагийн нөлөөллийн уулзалтанд оролцож байгаа. Тиймээс эрүүл тамхигүй хот болох, мөн ажлын байрны дотоод болон гадаад орчныг 100 хувь тамхигүй болгох санаачилгыг дэвшүүлж өргөн хүрээтэй хийгдэхээр болж байна.
НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны эрдэс шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй уулзлаа.
-Тамхидалтын хор уршиг гэж их ярьдаг. Сүүлийн үед дам тамхидалт гэдэг нэр томьёо илүүтэйгээр гарч ирлээ. Энэ тал дээр ямар судалгаа байдаг вэ?
-Ажлын байрны дам тамхидалтанд дөрвөн хүн тутмын нэг нь өртдөг. Дэлхийн нийтээр 400 мянга гаруй хүн жил бүр дам тамхидалтын улмаас нас бардаг гэсэн судалгаа бий. Тиймээс өөрөө тамхи татдаггүй хэрнээ бусдын өмнөөс эрүүл мэндээ алдаж, өвдөж байна гэдэг харамсалтай.
-Тамхидалтын эсрэг аяныг ажлын байран дахь гэж тодотгож байгаа шалтгаан нь юу вэ?
-Тэгэхээр ажлын байранд тамхи татахгүй болсноор ямар үр ашигтай вэ гэдгийг бид тооцож үзсэн. Ажлын байранд тамхи татахгүй болсноор цэвэрлэгээний зардал 10 хувиар буурдаг. Ажилчдын өвчлөл буурдаг. Тамхи татдаг хүмүүс ажил хийх 40 минутыг тамхи татахад зарцуулдаг. Үүнийг жилээр тооцож үзвэл 20 өдөр болдог. Харин санхүүгийн тооцоог бодоход өдөрт 1 хайрцаг тамхийг дундаж үнээр харьцуулахад 870 мянган төгрөгийг зарцуулдаг байна. Ингээд бодохоор эрүүл мэнд, өрхийн орлого гээд маш олон зүйлд сөргөөр нөлөөлж байна. Тамхи татах нь нэг талаараа сэтгэцийн эмгэг гэж тооцдог. Тиймээс эрүүл мэндийн сөрөг үр дагаварыг бууруулах нөлөөллийг ажлын байрнаас эхлэхээр болж байгаа юм.
"ДЦС 4"-ийн Хүний их эмч С.Туулаас дараах тодруулгыг авлаа.

-Танай байгууллагын хувьд Тамхидалтын эсрэг хувьсгалд ямар байдлаар нэгдэж байгаа вэ?
-Манай байгууллага 1500 гаруй ажиллагсадтай. Түүний 75 хувь нь эрэгтэйчүүд. Тамхигүй хамт олон болох зорилтод нэгдээд ажиллаж байна. Манай байгууллагын ажилчдын ажиллах нөхцөл тоосжилт ихтэй хүнд нөхцөлд тооцогддог. Тэгэхээр тоосжилттой нөхцөлд ажиллаж байгаа ажиллагсад тамхины утаанд нэмж хордохгүй байх нь чухал. Бид энэ ажлын хүрээнд судалгаа явуулсан. Судалгаагаа танилцуулсан. Судалгааны үр дүнд бид ажлын хэсэг байгуулах ёстой юм байна. Манай компанид хяналтын хэсэг, галын албаныхан, залуучуудын холбоо, үйлдвэрчний эвлэл, 24 цагийн ажиллагаатай эмнэлэгтэй учраас энэ бүх нэгжүүдээрээ дамжуулаад энэ ажиллагааг улам эрчимжүүлнэ.
-Судалгааны үр дүнгээсээ танилцуулаач?
-Манай компани тамхидалтын төвшингөөрөө 50 хувийг эзэлж байгаа. Тиймээс гурван сарын дараа 1-2 хувь гээд бага багаар энэ төвшнийг ахиулна гэсэн төлөвлөгөөтэй. Тамхинаас гарсан хүмүүс зургаан сарын дараагаас тамхинд эргээд орох магадлал өндөр байдаг гэдэг. Тиймээс тамхинаас эргэж орохгүйгээр гарах энэ байдлыг нэмэгдүүлэхийг зорино. Хүн бүрт тамхинаас гарахад нөлөөлөхийн тулд сургалт сурталчилгааны ажлуудыг хийх, зөвлөгөөг ганцаарчилж өгөх, хамт олны дэмжлэгээр тамхи гэх хорт зуршилаас нэг ч гэсэн хүнийг салгах тал дээр анхаарна. Тамхи татдаг хүн ганцаараа өртдөггүй. Түүний эргэн тойрны хүмүүс бүгд хордож байдаг учраас энэ бүхнийг таниулах нь чухал гэж үзсэн.
Дорнод аймгийн Чойбалсан хотын эмч С.Вандансүрэн ийм хариулт өгөв.
-Өнөөдөр болсон нөлөөлөх уулзалт ямар үр дүнтэй байв?
-Сургалт маш үр дүнтэй боллоо. Аймгуудаас шийдвэр гаргах төвшний хүмүүс болох аймгийн, газрын дарга нар, нийгмийн бодлого хариуцсан хэлтсийн дарга нар оролцож байгаагаараа цаашдын үр дүнд илүү нөлөөлнө гэж харж байна. Тамхидалттай тэмцэнэ гэж яриад байгаа боловч хэзээ, хаана, яаж гэдэг нь тулгамдсан асуудлын нэг байсан. Харин энэ удаагийн нөлөөллийн уулзалт үүнд хариу өгөх хэмжээнд боллоо гэж бодож байна. Тамхи татдаг хүмүүсээс гадна дам тамхидалттай тэмцэх суурь нь ажлын байрыг тамхигүй болгож байгаа нь ач холбогдолтой гэж миний хувьд харж байна. Чойбалсан хотын хувьд тамхидалттай тэмцэх арга хэмжээг улам эрчимжүүлэх шаардлагатай, тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа. Учир нь тамхитай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, худалдан борлуулалт хэрэглээний байдлыг судалгаагаар харах юм бол буураагүй. Энэ утгаараа хүмүүсийн эрүүл мэндийн хор зуршил болж донтох хэмжээнд хүрсэн учраас энэ байдлаас гарах гарцыг гаргаж өглөө.
-Дорнод аймагт тамхидалтыг хувьсгалыг хэрхэн эхлүүлэх нь зүйтэй гэж харж байна вэ?
-Бидний хувьд тамхигүй ажлын байрны тухай, тамхидалтын эсрэг хувьсгал аянд оролцох арга хэмжээг төлөвлөж, хотдоо асуудал оруулах эзэд нь болж байна. Тиймээс хамгийн гол нь үндсэн суурь судалгааг илүү тодорхой болгож, сургалт сурталчилгааны ажлыг хаана хийх вэ, аль цэг дээр анхаарах вэ гэдгийг онож ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм байна. Үйлдвэр аж ахуйн байгууллагуудын хүрээнд тамхидалтын эсрэг авах арга хэмжээ юу юуг хийх ёстой вэ гэдэг зөвлөмжийг гаргах ёстой юм байна.
Эх сурвалж: НЭМҮТ


















