Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг батлуулахыг хүсч байна

“Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Улсын Их Хурлын даргад өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг батлуулахыг хүсч байна
Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг батлуулахыг хүсч байна. Зураг: МҮОНРТ

“Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Улсын Их Хурлын даргад өргөн барилаа.

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг боловсруулах Засгийн газар хоорондын Зөвшилцөх нэгжийг Тайланд Улсын Бангкок хотноо болсон Олон Улсын Тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч талуудын хоёр дугаар Бага хурлаар 2007 онд байгуулсан. Тус нэгж нь протоколын төсөлд санал авах, зөвшилцөх уулзалтыг Засгийн газрын итгэмжит төлөөлөгчдийг оролцуулан таван удаа зохион байгуулж, улс орнуудын өгсөн санал тус бүрийг Оролцогч талуудын уулзалтаар хэлэлцүүлэн зөвшилцүүлсний дүнд уг “Протокол”-ын төслийг 2012 оны 11 дүгээр сарын 12-17-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн тавдугаар бага хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Тус төслийг дэлхийн 140 гаруй орны төлөөлөгчид ямар нэгэн нэмэлт, өөрчлөлтгүйгээр санал нэгтэйгээр батласан гэдгийг төсөл санаачлагч хуулийн төсөл өргөн барих үеэрээ хэллээ.

Түүнчлэн манай улсын хил залгаа БНХАУ, ОХУ болон Казахстан улс тамхи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд ялангуяа дэлхийн тамхины үйлдвэрлэлийн 40 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нөхцөлд Монгол Улс энэхүү протоколыг дэмжин, хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нь туйлын ач холбогдолтой. Манай улс уг протоколын төслийг боловсруулах, батлах бүхий л үе шатанд идэвхтэй оролцсон гэдгийг төсөл санаачлагч мөн онцлон тэмдэглэлээ.

Хуваалцах