Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгана
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хооронд байгуулах “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжи
Мэдээллийн алба

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хооронд байгуулах “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ДЭМБ-ын санаачилгаар 1999 оноос эхлэн “Тамхины хяналтын суурь конвенц”-ийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар тус байгууллагын гишүүн 192 улс санал нэгтэй баталж, 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж иржээ. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 174 улс энэхүү конвенцид элсээд байна. Эл конвенцийг дэмжин Монгол Улсын Засгийн газар 2003 онд гарын үсэг зурж, мөн ондоо УИХ соёрхон баталсныг НҮБ 2004 онд албан ёсоор бүртгэж авчээ. Ингэснээр манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид оролцогч тал болж, 2005, 2012 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар конвенцийн хэрэгжилтийг манай улс хангаж иржээ.
Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах Протоколыг боловсруулах Засгийн газар хоорондын зөвшилцөх нэгжийг 2007 онд Тайланд Улсын Бангкок хотноо болсон Олон улсын Тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч талуудын 2 дугаар бага хурлаар байгуулсан агаад тус нэгж нь Поротоколын төслийг 2012 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн 5 дугаар бага хурлаар хэлэлцүүлж батлуулжээ. Уг төслийг дэлхийн 140 гаруй орны төлөөлөгч санал нэгтэй баталсан байна. Тус протоколыг дэмжин гарын үзэг зурах ажиллагаа энэ оны 1 дүгээр сарын 10-наас ирэх оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл явагдах юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асууж үг хэлэх гишүүн гараагүй тул Протколд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.


















