Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тамхины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тамхины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа
Тамхины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив.

Энэхүү хуулийн төслийг өргөн барих хууль зүйн шаардлага нь УИХ-аар 2003 онд хэлэлцэн баталсан Тамхины Хяналтын Суурь Конвенцийн 6-р зүйлд “тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн зорилтуудад хувь нэмэр оруулах зорилгоор тамхины бүтээгдэхүүнүүдэд татварын бодлого, шаардлагатай үед үнийн бодлого авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг. Тус баримт бичигт тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга хэмжээг тодорхойлж, улс орнууд тамхины онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх тодорхой үүргийг хүлээдэг байна. Мөн Монгол Улсын Их Хурлаар 2003 онд хэлэлцэн баталсан Тамхины Хяналтын Суурь Конвенци, Монгол Улсын Их хурлын 2012 онд баталсан Тамхины хяналтын тухай хууль, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх хянах үндэсний 2 дахь хөтөлбөр”-т Тамхины онцгой албан таварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах, улмаар хүн амыг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тусгасан байдаг.

Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал бол тамхидалт юм. Тамхидалт нь зургаан секунд тутамд нэг хүнийг, насанд хүрэгчдийн 10 хүн тутамд нэгийг, жилдээ таван сая хүнийг үхэлд хүргэж байна. Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр хүн амын тамхины хэрэглээ буурч,амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоо багасна.

Тамхины татварыг хэрхэн нэмэгдүүлснээс шалтгаалан жилд 1058-3385 хүний амийг аврах боломжтой. Мөн хүүхэд өсвөр үе, залуучуудыг тамхинд донтохоос сэргийлэх, тэдний тамхины хэрэглээг багасгах чухал ач холбогдолтой. Иймд онцгой албан татварын тухай хуулийн 6 болон 7 дугаар зүйлд заагдсан тамхинд ноогдох онцгой албан таварын хэмжээг хэмжих нэгж тус бүрт (100 ширхэг янжуур тамхинд, 1 кг дүнсэн тамхинд ) хоёр дахин нэмэгдүүлэхээр шинэчлэн тогтоох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна.

Онцгой албан татварын хэмжээг 50 хувь нэмэгдүүлснээр төсвийн орлогод 75 тэрбум төгрөг, 75 хувь нэмэгдүүлснээр 146 тэрбум төгрөг, 100 хувь нэмэгдүүлснээр 183.5 тэрбум төгрөг өмнөх оны татварын орлого дээр нэмэгдэх боломжтой. Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол хоёр дахин нэмэгдэж, нас барсан гурван хүн тутмын нэгнь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөлүүд нь бүгд тамхитай холбоотой юм.Манай улсын хүн амын тамхины хэрэглээнд 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байсан байна.

Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх юм. Тамхины үнэ өсөхөд өсвөр насны болон залуучуудын тамхины хэрэглээ эрс буурдаг хэмээн хууль санаачлагч хэллээ.

Хуваалцах