Тав дахь уулзварын шинэчлэл дууслаа
“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын үр дүнд нийслэл хотын авто замын сүлжээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. “Хотын төв” дэд төслийн дагуу нийт 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс өдгөө тав дахь уулзварын шинэчлэлийн ажил дууслаа.
Мэдээллийн алба

Тодруулбал, Баянгол дүүргийн нэг, хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Төмөр замын дээд сургуулийн урд уулзварын зорчих хэсгийн өргөтгөл шинэчлэл дуусч, ашиглалтад ороод байгаа. Одоо явган зорчигчийн зам болон ногоон байгууламж гэх мэт бусад тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Энэ уулзварын нэвтрэх чадварыг сайжруулж, тээврийн хэрэгслийн зорчих эгнээг нэмэгдүүлэх, явган зорчигчийн гарцыг өргөтгөх ажлыг “Дагшин харгуй” ХХК хийж гүйцэтгэлээ.
Уулзварын өргөтгөл шинэчлэлийн талаар зорчигчид “Бидний байнга зорчддог зам түгжрэл саадгүй, эмх цэгцтэй болж, цаг мөнгө хэмнэж, тав тухтай тохилог орчин бүрдэж байгаад баяртай байна” хэмээн ярьж байна.
Үүнээс гадна Дамбадаржаагийн хуучин эцсийн буюу зургаа дахь уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч мөн зорчих хэсэг нь ашиглалтад орсон. Гэр хороолол дахь уг уулзварыг гэрэл дохиотой, нэвтрэх чадвар сайтай, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгосон талаарх мэдээллийг удахгүй дэлгэрэнгүй хүргэнэ.