Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэд Афганистаны тэнгэр дор алтан соёмбот далбаагаа мандуулж байна

Энэ цаг хугацаанд Монголын цэргийн дөрөвдүгээр ээлжийн дугаар салааны алба хаагчид ээлж солилцохоор бэлтгэлээ хангаад тун завгүй. Тэд 24 цагийн туршид нүд завчилгүй, цурам хийлгүй, сонор сэрэмжээ алдалгүй "Мармал" баазын цэг бүр дээр үүрэг гүйцэтгээд дараагийн ээлждээ үүргээ хүлээлгэн өгч байгаа нь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 7 минут
Тэд Афганистаны тэнгэр дор алтан соёмбот далбаагаа мандуулж байна
Тэд Афганистаны тэнгэр дор алтан соёмбот далбаагаа мандуулж байна. Зураг: МҮОНРТ

Исламийн Бүгд Найрамдах Афганистан улсын Мазар-Э-Шариф хотод өглөөний 04:00 цаг гэхэд аль хэдийнэ гэгээ орж, гэрэл гийжээ. Энэ цаг хугацаанд Монголын цэргийн дөрөвдүгээр ээлжийн дугаар салааны алба хаагчид ээлж солилцохоор бэлтгэлээ хангаад тун завгүй. Тэд 24 цагийн туршид нүд завчилгүй, цурам хийлгүй, сонор сэрэмжээ алдалгүй "Мармал" баазын цэг бүр дээр үүрэг гүйцэтгээд дараагийн ээлждээ үүргээ хүлээлгэн өгч байгаа нь энэ.

Зэрэгц, номхон, зэрэгц дундаа. Ажиллагааны орон газар төдийгүй цэргийн анги байгууллагад сонсч болох хамгийн түгээмэл хэллэг бол энэ гурван үг. Цэргийн багийн ажиллагааны ажиллагааны офицер, хошууч М.Батболдод ажлаа гүйцэтгээд бууж буй дугаар салааны захирагч илтгэл өглөө. Тэрээр үүрэг гүйцэтгэлийн нөхцөл байдлын тухай, илэрсэн зөрчлийн тухай, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай товч бөгөөд тодорхой мэдээлэл өгсөн. Үүний дараа хошууч М.Батболд ээлж хүлээн авч буй салаанынханд тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгөөд дараагийн цэг рүү давхилаа. Ажиллагаа хариуцсан офицерийн хувьд өглөө бүр энэхүү ажлаа давтамжтайгаар гүйцэтгэх бөгөөд багийн захирагчийнхаа ажлыг нугалахад чухал үүрэг гүйцэтгэдэг хүний нэг юм. Тэрээр Зэвсэгт хүчинд 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд дөрвөн удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай нэгэн ажээ.

Ийнхүү дараагийн салаа буюу ахлах дэслэгч Ц.Норов ахлагчтай алба хаагчид ажилдаа жигдрэн орлоо. Тэд орж ирэх тээврийн хэрэгсэл, Афган эр бүрийг өндөр хяналтын төхөөрөмж, шалгалтын тусламжтайгаар шалгаж оруулна. Өглөө хамгийн ачаалалтай үе юм.

Энд хяналтын төдийгүй бас орчуулгын үүргийг давхар үүрэг гүйцэтгэж байгаа залууг ахлах ахлагч Х.Ганжигүүр гэдэг. Тэрээр цэргийн тангараг өргөөд 13 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд өмнө нь ажиллагаанд оролцож байсан туршлагатай нэгэн бол түүнтэй хамт зогсох эрийг Ц.Батзаяа гэдэг ахлагч цолтой. Тэрээр анх удаа энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо ирээд байгаа ажээ. Тиймдээ ч туршлагатай хүнийг түшиж, дадлагажуулах зорилгоор хуваарилсан бололтой.

Яг энэ цаг хугацаанд олон үндэстэний эвслийн цэрэг буюу НАТО-гийн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд ХБНГУ-ын тэргүүлсэн умард бүсийн командал, "Мармал" баазын аюулгүй байдлыг ханган, хариуцан ажиллаж байгаа дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай Монголын цэргийн багийн дөрөвдүгээр ээлжийнхий хувьд энхийг сахиулах ажиллагааны дадлага, туршлагын их уурхай болсон залуучууд ажээ. Багийн 90 орчим хувь нь ажиллагаанд оролцож байсан энхийг сахиулагчид юм байна. Сургалт хариуцсан офицер, ахмад С.Наранбадралын хувьд үүрэг гүйцэтгэх зургаан сарын хугацаанд алба хаагчдаа үүрэг гүйцэтгэлийн бус цагаар хэрхэн сургах, мэргэжүүлэх, бие бялдарыг нь чийрэгжүүлэх, баазын хэмжээнд олон орны цэрэг эрсийн дунд болох уралдаан тэмцээнд хэрхэн амжилттай оролцох вэ гээд уртаас урт төлөвлөгөө боловсруулаад завгүй.

Д.СОДНОМДАРЖАА: ЭХ ОРНЫ МИНЬ НЭР БАЙДАГ УЧРААС БИД АЛДАХ ЭРХГҮЙ

Шинэ цагийн бахархал болж яваа энхийг сахиулагч залуучуудынхаа тухай багийн захирагч, дэд хурандаа Д.Содномдаржаа "Манай цэргийн багийн хувьд эх орноосоо ирээд удалгүй үүрэг гүйцэтгэлээ хүлээн аваад байна. Өмнөх гуравдугаар ээлжийн багийг дагалдан ажиллаж, туршлага судаллаа. Мэдээж баазын сургалт дадлагад бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдлаа. Цэнхэр дуулгатнууд маань хатуужил, эр зориг, ур чадвар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэйгээр ажиллаж байна. Манай цэрэг эрс Зэвсэгт хүчин, эх орныхоо нэрийг өндөрт өргөж ажиллахын төлөө хичээж буйгаа энэ завшааныг ашиглаад хэлмээр байна. Үүрэг гүйцэтгэлийн ард Д.Содномдаржаа гэдэг хүний нэр биш Монгол Улсын нэр хүнд байдаг учраас хариуцлагатай байх учиртай. Эх орны минь нэр байдаг учраас бид алдах эрхгүй. Халамжит ханиа үнэнчээр хүлээх гэр бүл, аав, ээжийгээ дуудан хүлээх бяцхан үрс, тэдний араас сүү өргөн хүлээх ээж, аавууд бол энхийг сахиулагчдыг үүргээ нэр төртэй биелүүлэхэд хувь нэмрээ оруулж, найдвартай ар тал нь болж байдагт нь талархал илэрхийлье" хэмээн онцолсон. Энэ багийн захирагчийн хувьд Зэвсэгт хүчинд 20 гаруй жил ажиллаж байгаа тэргүүний офицеруудын нэг бөгөөд хувь хүн талаасаа эгэл даруу бөгөөд ноён нуруутай, тулхтай залуу манай багийн захирагчаар ажиллаж байгаад сэтгэл өндөр байна хэмээн офицер, ахлагч нар нь онцолж байсан юм.

Хамгийн гол нь Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь дэлхий дахин, бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас болж байгаа төдийгүй нөгөө талаар үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагтаа дэмжлэг үзүүлж байгаа хэрэг гэдгийг уншигч танд онцлон, онцлон тодотгоё.

Ийнхүү эх орноосоо энхийг сахиулах үүрэг өвөртлөөд очсон Монголын цэргийн багийн дөрөвдүгээр ээлжийнхний хувьд ажилдаа ийн шуудран орлоо. Харин тэдэнд ажлаа бүрэн хүлээлгэн өгсөн дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай багийнхы хувьд эх орон руугаа буцахаар бэлтгэлээ хангаж байхад нь сурвалжлага бэлтгэлээ. Тэд бүгд зургаан сарын хугацаанд шахуу төлөвлөгөөтэйгээр үүрэг гүйцэтгэлийн бус цагаар 21 аймаг, ажиллаж буй Зэвсэгт хүчний анги байгууллага бүрээ журмын нөхөддөө танилцуулан эх орноороо "аялуулсан" байна.

Үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо нүүр бардам очихоор нисэх өдрөө хүлээн суугаа энэ багийнхны Зэвсэгт хүчний 33 анги байгууллагаас 19-41 насны залуучууд шигшигдэн иржээ.

Хойд бүсийн командлагч, бригадын генерал Хартмут Ренк, "Мармал" баазын захирагч, дэд хурандаа П.Доомен нараас "Монголын дайчид бусад орнуудын цэрэг эрсийн манлайлагч нь байлаа" хэмээх урмын үгийг харамгүй сонссон энэ багийнхны хувьд ачаа бараагаа цэгцлэх, тайлан балансаа гаргах гээд аж ахуйн ажил ихтэй.

Зарим нэг нь ар гэртээ баазад байрлах "Базаар" хэмээх захаас алчуур, чулуу, шатар зэрэг бэлэг бэлтгэхээр гарч оджээ. Базаар захын хувьд олон орны цэргийн алба хаагчдад зориулсан цахилгаан хэрэгсэл, чулуу, нүдний шил болон Афган улсыг илтгэх сувинер зарж борлуулдаг газар юм. Хамгийн сонирхолтой нь, тэнд Хариулла хэмээх Монголоор чөлөөтэй ярьдаг Афган худалдагч залуу байна. Манай цэргийнхэн ч хэл амаа ололцоход амар гээд түүгээр үйлчлүүлсээр байгаад Монголоор чөлөөтэй ярихад нь сургасан бололтой ажээ.

ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙН НЭГ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙДАГ

Баадий гэж амь зангидаж, бие биендээ тусалж дэмждэг хүмүүс байдгийг ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хүн бүр андахгүй. Баадийнууд нэг өрөөнд амьдардаг бөгөөд нэгнээ хамгаалах, тусламж дэмжихээс эхлээд амь нэгтэй журмын нөхөд болж чаддаг. Бусад орнуудын цэрэг эрсийн хувьд ч энэ зарчмаар үүрэг гүйцэтгэдэг байна. Баадийнуудын төлөөлөл болгож гурваараа нэг өрөөнд "амьдрах" залуучуудтай ярилцлаа.

Тэд өрөөнийхөө хананд Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг хүндэтгэн залж, энхийг сахиулах хугацаанд авсан шагнал урамшууллаа, эр хүний чимэг нь болсон зодог шуудгаа өлгөн тогтоожээ. Өрөөний хувьд тун жижигхэн бөгөөд гурван ор, нэг ширээ, дундаа нэг хувцасны шүүгээтэй. Энэ баадийнуудын хувьд салаа дотроо хамгийн том биетэй залуус нь гэнэ. Тэр ч утгаараа нэгнээ байнга шоолж, шоглож явуулдаг бололтой юм.

Нүдээрээ инээх том биетэй залууг П.Нямхүү гэдэг, ахлагч цолтой. Зэвсэгт хүчинд долоо дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд хоёр дахь удаагаа оролцоод байгаа нь энэ. Тэрээр байлдагчаас гэрээт цэрэг, гэрээт цэргээс ахлагч хэмээн шат дараалан дамжин ажилласан туршлагатай. Түүний аав, ээж нь Увс аймгийн Наранбулаг суманд амьдардаг, малчин удамт гэр бүл ажээ. Аав, ээждээ удахгүй очих гэж байгаадаа баяртай байгаа нь илт. Угаас нутаг буцахаар хоног биш цаг тоолж буй энхийг сахиулагчдын шөнө нойр нь хүрэхгүй, өдөр өнгөрч өгөхгүй, цагийн зүү хөдөлж өгөхгүй байна гэцгээв.

П.Нямхүүгийн өрөөнийх нь найз ахлах дэслэгч Б.Доржхүрэлийн хувьд яриа хөөрөөтэй нэгэн юм. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрж өссөн тэрээр Зэвсэгт хүчний 027 дугаар ангид цэргийн эмнэлэгт ар тал хариуцан 2012 оноос ажиллаж байгаа, эхнэр хүүгийн хамт амьдардаг байна. Эхнэр нь эмч бөгөөд хүүгээ бага зэрэг санасан гэнэ.

Харин инээд муутай, нөгөө хоёрыгоо бодвол шооч талдаа залууг ахлах ахлагч Ч.Батхүрэл гэдэг. Зэвсэгт хүчинд зургаа дахь жилдээ ажиллаж байгаа, энхийг сахиулах ажиллагаанд хоёр дахь удаагаа оролцоод байгаа ажээ. Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажилладаг, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг энэ залуу энхийг сахиулагчдын нэг болон ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлсэндээ баяртай буйгаа онцолж байсан юм.

Тэд гэр бүлийнхээ тухай, эх орныхоо тухай, эр цэргийнхээ тухай тэд гэгээлэг бүхнийг ярьж ирээдүйд Зэвсэгт хүчиндээ улам хичээн ажиллахаа энхийг сахиулагч залуучууд илэрхийлж байлаа.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 14 жилийн хугацаанд НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 13 000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бол яг одоо 1200 орчим цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.

Хүннүгийн үеэс улбаатай Монгол цэрэг, үеийн үед ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийн төлөө цусаа асгаруулж, хөлсөө дуслуулж, алтан амиа золиослосон тэмцлийн үр дүнд монголчууд гал голомтоо манаж, туурга тусгаар улсаа хадгалж иржээ. Өнөөдөр ч мөн адил Монгол цэргүүд дэлхийн энхийн үйлсэд тэд энэ бахархам түүхээ давтан харуулсаар байна.

Д.Болормаа

Хуваалцах