Тээврийн хэрэгслийн зориулалтын бус янданг хурааж, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага оногдуулж байна
иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Автотээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулж байна.
Мэдээллийн алба

Нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүдүүн яндантай, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 25-26-нд шилжих шөнө 7 байршилд 32 алба хаагч, 16 автомашинтай хяналт, шалгалт зохион байгуулж ажиллалаа.
Уг хяналт, шалгалтаар согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61, техникийн үзлэг оношилгоонд ороогүй 3, зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Автотээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулж байна.
Иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг цаашид мөн тогтмол зохион байгуулах аж.


















