Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэмээ унасан нар...

Тэмээ юу ч болоогүй юм шиг онгосон таанын цагаан цэцэг хамхуултай хольж амтална...

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэмээ унасан нар...
Тэмээ унасан нар.... Зураг: МҮОНРТ

Говь нутагт дүнэрч шаргалтаад дүлий юм шиг ажин түжин үүрийг тосож нарыг хүлээдэг шаргал өдөр бий дээ...

Шөнөжин зүтгээд ирж байгаа нар хөл нь эцэхийн ялдар говьд хамгийн эхлээд харагдах тэмээний бөхөөр дамжин нуруунд нь лавхан суугаад хэсэг жонжуулдаг.

Энэ үед тэмээ арван хоёр жилд орох гээд хулганд чадуулсан цадигаа мартан мартан хээв нэг алхалж өргөстэй бут зажлах нь амгалангийн дүртэй.

Говь нутагт эзэн суусан тэмээд өдийд газраар нэг навчин тамга дарж алхална. Тормолзсон бас мэлмэлзсэн алаг нүдэнд нь дэлхий унаж яваа нартайгаа хамт ганхан гунхана. Тэгсгээд нар хөлөө амраагаад алсын замдаа тэнгэрийн замаар өнхөрнө.

Тэмээ юу ч болоогүй юм шиг онгосон таанын цагаан цэцэг хамхуултай хольж амтална...

Говь ийм үед диваажингийн орон гэдэг шиг л налайна... Намрын говь, тэмээ, нар гурав нэгэн өнгө будгийн нийцэл, өгөөмөр тансагийн зүйрлэл болж лимбэн тэшээ салхиа үгүйлэх мэт болдог юм...

Тэмээн дээрээс нар ойрхон гэж тэшээ жонжоонд нь тааруулсан тэр дууг сонсмоор болдог юм. Тэмээн дээрээс нар ойрхон биш. Нар тэмээ унаад жонжуулж явдаг юм ...

МУСГЗ, сэтгүүлч Л.Мөнхтөр

Хуваалцах