“Тэнгисийн хамтын ажиллагаа-2021” цэргийн сургуулилалт ОХУ болон БНХАУ хамтын ажиллагааг бэхжүүлнэ
ОХУ болон БНХАУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт энэ сарын 17-нд өндөрлөсөн. Япон тэнгист болсон уг сургуулилтын талаар “Йомиури Шимбун” сонин хэд хэдэн сонирхолтой өнцөг гаргаж ирснийг РИА Новости агентлаг онцолсон байна.
Мэдээллийн алба

ОХУ болон БНХАУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт энэ сарын 17-нд өндөрлөсөн. Япон тэнгист болсон уг сургуулилалтын талаар “Йомиури Шимбун” сонин хэд хэдэн сонирхолтой өнцөг гаргаж ирснийг РИА Новости агентлаг онцолсон байна.
Тус сонинд ОХУ анх удаа Тайванийн асуудлыг сонирхож эхэлжээ хэмээн нийтлэгдсэн байна. Тайванийн асуудалд ОХУ-ын тал ямар байр суурьтай оролцохыг энэ сургуулилалтаас харж болно. Япон улсад АНУ-ын цэргийн олон бааз байдаг. Хэрэв ямар нэг зүйл буруу эргэвэл хоёр улс Япон дахь АНУ-ын баазуудыг хамгийн түрүүнд устгах болно. Харин бид дайн хийхийг хүсэхгүй байна гэсэн утгатай нийтлэл байжээ.
Мөн Японы эрх баригч солигдоход ОХУ-аас өдөөн хатгалга ирж байгаа тул бид ч мөн үндсэн хуулийн ес дэх заалтыг шинэчилж цэргийн хүчээ бэхжүүлэх шаардлагатай гэж дурдсан юм.
Жил бүр зохион байгуулагддаг ОХУ болон БНХАУ-ын “Тэнгисийн хамтын ажиллагаа” нэртэй хамтарсан сургуулилалт нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, аюул заналхийллийг хамтдаа эсэргүүцэх зорилгоор зохион байгуулагддаг.
Энэ сарын 14-ний өдөр эхэлсэн цэргийн хамтарсан сургуулилалт гурван өдөр үргэлжилсэн. ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотоос уг сургуулилалтад шумбагч онгоц эсэргүүцэгч том хөлөг онгоц "Адмирал Пантелеев”, 20380 төслийн харуулын хөлөг онгоц болох "Герой Российской Федерации Алдар Цыденжапов", "Громкий", мөн мина тээвэрлэгч үндсэн хоёр хөлөг онгоц, 877 төслийн шумбагч онгоц болох "Усть-Большерецк", пуужинт болон чирэгч хөлөг онгоц оролцсон байна.
Харин Хятадын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн флотоос эскадрын мина зөөгч "Кунь Мин", "Нань Чан" онгоц, "Бинь Жоу", "Лю Чжоу" харуулын хөлөг онгоц, мөн дизель шумбагч онгоц, хангамж, аврах ажиллагааны хөлөг онгоц оролцжээ.
“Тэнгисийн хамтын ажиллагаа-2021” сургуулилалтад ОХУ-ын Номхон далайн флот, ХАЧА-гийн 12 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцсон. Сургуулилалтын явцад хоёр улсын тэнгисийн цэргүүд тактикийн хамтарсан маневр хийх, бай руу их буугаар галлах, дайсны шумбагч онгоцыг хайх тактик боловсруулсан хэмээн ОХУ-ын Тэнгисийн цэргийн Номхон далайн флотын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Сонирхуулахад, Өнгөрсөн 2020 онд “Ковид-19” цар тахлын улмаас хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалт нэг жил өнжсөн юм.


















