Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл хүлээлгэнэ
Британийн сөрөг хүчний Хөдөлмөрчний намын дарга Жереми Корбины саналаар лхагва гарагт явуулсан энэ санал хураалтад парламентийн гишүүдийн 306 нь Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байхыг дэмжжээ.
Мэдээллийн алба

Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх талаар санал хураалт болсон ч гишүүд Засгийн газраа унагасангүй. Британийн сөрөг хүчний Хөдөлмөрчний намын дарга Жереми Корбины саналаар лхагва гарагт явуулсан энэ санал хураалтад парламентийн гишүүдийн 306 нь Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байхыг дэмжжээ. Харин 325 нь үүний эсрэг буюу Засгийн газарт итгэл хүлээлгэнэ гэсэн санал өгчээ.
Парламент дахь Ардчилсан эвлэлийн нам, Консерватив намынхан дэмжлэг үзүүлсний дүнд Тереза Мэйгийн Засгийн газар ийн дахин үлдэхээр болж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна. Гэхдээ энэ хоёр намын гишүүдийн аль, аль нь мягмар гарагт болсон санал хураалтаар Брекситийн гэрээг дэмжээгүй.
Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх талаар санал хураалт болсон ч гишүүд Засгийн газраа унагасангүй.
Тереза Мэйгийн хувьд Засгийн газраа авч үлдэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсныхоо дараа “Европын холбооноос гарах талаар Британийн ард иргэдийн өгсөн саналыг ажил хэрэг болгохын тулд үргэлжлүүлэн ажиллана” гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хамтран нэгдэж ажиллахыг парламент дахь улс төрийн намуудаас хүсчээ. Лхагва гарагийн оройноос эхлэн намуудын удирдлагуудтай тусгайлан уулзахаар болж, тэднийг урьсан байна.
Гэвч Хөдөлмөрчний намын дарга Жереми Корбин Тереза Мэйг Брекситийн гэрээгүйгээгээр Европын холбооноос гарах боломжгүй гэсэн баталгаа гаргахаас нааш түүнтэй яриа хэлэлцээ хийх боломжгүй гэжээ. Мягмар гарагт Британийн парламент Брекситийн гэрээгээр санал хураасан ч дэмжигдээгүй юм.


















