Тэргэнцэртэй бүсгүйчүүд 3491 метр өндөр Мөнх сарьдаг Саяаны нурууны оргилд авирна
Ч.Тунгалагтуяа өнөөдөр монголынхоо уулчдын хамтаар Асралт хайрханд буюу 2800 метр өндөрт авиралт хийнэ.
Мэдээллийн алба

Уулын спортын мастер, гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын уулчдын баг ирэх гуравдугаар сард ОХУ-ын уулчидтай хамтран тэргэнцэртэй монгол, тува хоёр бүсгүйн хамт Мөнх сарьдаг Саяаны оргилд авиралт хийх гайхамшигтай үйл явдал дэлхийд анх удаа болох гэж байна.
Тувагийн Цанын спортын тамирчин Аюуна цанаар гулгах үедээ нуруу нугасны гэмтэл авсан хэдий ч Мөнх сарьдаг Саяаны нурууны оргилд гарах мөрөөдлөө Оросын уулчдад хэлснээр дээрх авиралтын санаачилга гарсан байна.
Мөнх сарьдаг Саяаны нуруу нь Монгол, Оросын хилийн заагт байрладаг бөгөөд хоёр орны уулчид өөр өөрсдийн нутгаас авиралтаа зэрэг эхлүүлж, оргил дээр уулзалдах аж.
Түүнчлэн дээрх арга хэмжээний туршилт, сорилт болгож Ч.Тунгалагтуяа өнөөдөр монголынхоо уулчдын хамтаар Асралт хайрханд буюу 2800 метр өндөрт авиралт хийнэ.


















